Малайзын Ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-17 11:07:49
КУАЛА-ЛУМПУР. /Би-Би-Си/. Хэдхэн хоногийн өмнө Малайзын Ерөнхий сайдын албан тушаалаас буусан Нажиб Разакийн гэрт цагдаа нар нэгжлэг хийсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, урьд шөнө түүний гэрийн гадна цагдаагийн олон тээврийн хэрэгсэл зогсож, цагдаа нар дотогшоо орсон байна.

Тус улсын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамад саяхан мэдэгдэл хийхдээ “Н.Разактай холбоотой хэргийг эргэн сөхнө” гэж байсан билээ.

Н.Разак нь “Би ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдсээр байна. Түүнийг Малайзаас гарахыг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хориглосон юм. Түүнийг өөрийн үүсгэн байгуулсан төрийн сангийн мөнгөнөөс 2015 онд 700 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байсан юм. Гэхдээ түүнийг тус улсын хууль шүүхийн өнгөрсөн онд цагаатгасан билээ.

Энэ сарын 9-нд болсон парламентын сонгуульд түүний удирддаг эрх баригч нам ялагдсанаар өдгөө 92 настай М.Мохамад тус улсын ерөнхий сайд болсон юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тангараг өргөсөн М.Мохамад Ерөнхий прокурор болон Авлигатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнуудыг хэдийнээ солиод байгаа аж.
 

Г.Доржханд

Холбоотой мэдээ