Марафонд оролцогчдод НЭМГ-аас зөвлөмж хүргүүлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2018-05-17 11:10:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэх “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд болно. 
Энэхүү гүйлтийн тэмцээнд оролцогчдод зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргүүлж байна.
МЭӨ 490 онд дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42 км, 195 м газар гүйсэн грек цэргийн тэсвэр хатуужлын илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй. Бүтэн марафон 42190 метр, хагас марафон 21095 метр зайд гүйдэг тул зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг. Хэрэв Та зүрх судас, уушигны архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу.
1.   Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох.
2.    Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах.
3.  Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух.
4. Архи,согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох.
5.    Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух. 
6.   Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
7.    Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.
8.    Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.
9.    Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух хэрэгтэй хэмээн зөвлөлөө.
 

Холбоотой мэдээ