top banner

Б.Хаш-Эрдэнэ Армийн 2018 оны Дэлхийн аварга боллоо


2018-05-17 12:36:10
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Б.Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүллээ. 

Москва хотноо энэ сарын 15-ны өдөр эхэлсэн 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг гэсэн 10 жингийн урьдчилсан барилдаан болсон.
Өчигдөр үдээс хойш медалийн төлөөх барилдаан болоход манай бөхчүүд нэг алт, нэг хүрэл медаль хүртэв. Б.Хаш-Эрдэнэ Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведьев, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялсан юм. Улмаар Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон 7 дахь тамирчин боллоо.

Түүнээс өмнө 2014 онд гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн, 2017 онд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Г.Отгонжаргал тус тус түрүүлж байв.

2018 оны цэргийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Бямбадорж хагас шигшээ барилдаанд Сирийн Мазен Кадманиг оноогоор (10:0) цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн болсон. Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Азжаргал, 53 кг-д өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Г.Отгонжаргал, 55 кг-д Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болсон бөгөөд өнөөдөр медалийн төлөө хүч сорино.

Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд