Х.Мандахцэцэг:БНКазУ, Их Британи, Израиль, Өмнөд Африк руу сунгалттай паспортоор зорчихгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-05-17 13:28:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнгөрсөн сард Монгол Улсын гадаад харилцааны салбарт өрнөсөн голлох үйл явдлуудын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн дарга Х.Мандахцэцэгээс зарим зүйлийг тодруулав.

-Сунгалт хийлгэсэн гадаад паспорттой иргэдийг зарим орны хилээр нэвтрүүлэхгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-аас 2016 онд гадаад паспортод сунгалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Үүний дагуу Монгол Улс энэ оны 1 дүгээр сарын 03-наас эхлээд гадаад паспортын сунгалтыг зогсоосон. Энэ өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн паспорт хугацаа нь дуустал хүчинтэй. Саяхан БНКазУ-ын хилээс Монголын иргэнийг сунгалттай паспорттой байсан тул нутаг буцаасан хоёр тохиолдол гарсан. ГХЯ-наас БНКазУ, Их Британи болон Израиль, Өмнөд Африк руу сунгалттай паспортоор зорчихгүй байх нь зөв гэсэн зөвлөмж гаргаад байна. Иргэд цаг зав, мөнгө хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэх үүднээс ГХЯ өөрийн албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэрэмжлүүлэг хүргэж байна. Иргэд ч өөрсдийгөө эрсдлээс хамгаалах үүднээс дээрх 4 улсад зорчих тохиодолд шинэ паспорт авах нь зөв юм.

-Дээрх 4 улсаас бусад орон сунгалттай паспорттой иргэдийг буцаахгүй гэх баталгаа бий юу?

-ГХЯ-наас Элчин сайдын яамдаараа дамжуулан тухайн улс орны хил, гаалийн байгууллагуудаас сунгалттай паспорттой иргэд нэвтэрч болох эсэхийг тодруулж байгаа. Ойрын хугацаанд энэ мэдээлэл нэгдсэн журмаар гарахаар албан ёсоор мэдээлэх болно.

-Эдгээр орон руу нэвтрэх хүсэлтэй иргэд шинээр паспорт авах шаардлагатай боллоо. Ингэхээр гадаад паспортын захиалга мөн л нэмэгдэнэ. Монгол Улсын гадаад паспортын бэлдэцийн нөөц хангалттай юу?

-Энэ бол ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудын мэдлийн асуудал. Ер нь бол одоогоор гадаад паспортын бэлдэцийн нөөц хангалттай гэж бид ойлгож байгаа.

-Сунгалттай паспорт дээрээ тухайн оронд нэвтрэх визээ даруулчихсан иргэд яах вэ?

-АНУ-ын Элчин сайдын яамнаас сунгалттай паспорт болон шинээр авсан паспортоо хамт аваад явахад хилээр нэвтэрч болно гэсэн албан ёсны мэдээлэл ирүүлсэн.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ