top banner

Тайванийн шүдний эмч нар амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлж байна


2018-05-17 15:16:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Шүдний мэргэжилтний холбоо, Монгол Улсын Шүд, нүүр, ам судлалын сургууль болон нйислэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 14, 15-нд тус дүүрэгт амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 19-дүгээр сургуулийн сурагчдад амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэв.
Энэ үеэр мөн амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих тухай сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Тайванийн Шүдний мэргэжилтний холбооноос нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаад Монгол оронд зочилж байгаа юм. Багийн ахлагч, Тайванийн Амны хөндийн эрүүл мэндийн холбооны тэргүүн ноён Хуан Мин Ю хэлэхдээ, “Хүн бүр бага балчир наснаасаа амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж хэвших нь зохилтой бөгөөд шүдний эмгэгээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Амны хөндийн эрүүл ахуйг сахиж хэвшсэнээр хүн насан туршдаа эрүүл саруул амьдрах боломжтой. Монгол орны хүүхэд багачууд эрүүл, цагаан шүдтэй төдийгүй амны хөндийн эрүүл мэндийг сахиж хэвшвэл насан туршдаа шүдний өвчин, эмгэггүй, эрүүл сайхан амьдрах боломжтой” гэв.
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр хэлсэн үгэндээ, “Монгол орны хүүхэд багачуудын дунд шүдний хорхойн өвчлөл маш элбэг байдаг. Бидний зүгээс алс холын Тайваниас хүрэлцэн ирсэн Тайванийн Шүдний мэргэжилтний холбооны эмч нарын баг халамж, анхаарал тавьж буйд гүн талархаж байна. Нийслэлийн Налайх дүүргийн хүүхэд багачууд олон жилийн турш Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас дэмжлэг, тусламж хүртэж ирсэн бөгөөд дүүргийн иргэд Тайванийн ард түмний халуун сэтгэлд талархаж явдаг” хэмээв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч ноён Хуан Куо Рун, "Тайвань, Монголын тал сүүлийн 10 гаруй жилийн туршид эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өрнүүлж байгаа бөгөөд хоёр тал эмч эмнэлгийн мэргэжилтэн мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулах, эм бэлдмэл хандивлах зэрэг асуудлаар нягт хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол оронд ашиглаж буй эмнэлгийн техник, тоног төхөөрөмж маш хурдацтай шинэчлэгдэн, сайжрахын зэрэгцээ хүн амын эрүүл аж төрөх дадал, мэдлэг улам дээшилж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тайванийн Шүдний мэргэжилтний холбооны эмч нарын баг Монгол оронд хүрэлцэн ирж, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ ажлын хүрээнд цаашид бодитой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.   
 


Сурталчилгаа
Монгол брэнд