ХБНГУ-ын хуульч доктор Ю.Харбих монголын хуульчдад илтгэл тавив

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2018-05-17 15:23:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын хуульч эрдэмтэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хүндэт доктор Юрген Харбих энэ сарын 18-23-нд Монголд ажиллаж байна.

Тэрбээр 1995 оноос хойш нийт 25 удаа Ханнс-Зайделийн сангийн шугамаар Монголд айлчилж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч эдгээр хуулийг боловсронгуй болгох үйлсэд хувь нэмэр оруулсан билээ. Түүнчлэн захиргааны хэргийн шүүгч-сургагч багш бэлтгэх, шүүгчдийг давтан сургахад идэвхийлэн оролцож ирсэн юм.
 
Монгол Улсын захиргааны эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2014 онд Улсын Дээд Шүүхээс Монгол Улсын шүүхийн дээд шагнал "Хүндэт тэмдэг", өнгөрөгч онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медаль тус тус гардуулсан байна.
 
Тус сангийн шугамаар Монголд ажиллах хугацаа албан ёсоор өндөрлөж байгааг тохиолдуулан тэрбээр “Эрх зүйт, ардчилсан төрд хуульчийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр монголын хуульчдыг оролцуулсан илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр илтгэлдээ эрх зүйт,  ардчилсан төрийн хөгжилд хуульчийн оролцоо, төрийн эрх мэдэлд эерэгээр нөлөөлөх боломж зэрэг асуудлыг хөндөв.
 
Үдэлтийн илтгэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, захиргааны хэргийн шат шатны шүүх, МУИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
 
Айлчлалын хугацаанд доктор Харбих Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны албан хаагч, шүүгчид, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад Захиргааны ерөнхий хуулийн тодорхой сэдвүүдээр хичээл зааж, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж буй ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж санал солилцсон юм.

Холбоотой мэдээ