Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-05-17 16:02:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан тухай бичгээ өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.
 
Энэхүү лобби бүлэг нь Оюутолгойн ордыг ашиглах  төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-ний алдааг засч шинэчлэн байгуулах асуудалд анхаарал хандуулж санал, дүгнэлтээ Засгийн газарт албан ёсоор хүргүүлэх юм байна. 
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан  "Оюутолгой төслийн үр ашиг,  өгөөжийг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч санал гаргаж байгаа төрийн болон ТББ-тай хамтран ажиллахаар лобби бүлэг байгууллаа. Оюутолгойн асуудлаар өмнө нь олон ажлын хэсгүүд ажиллаж, дүгнэлт гаргадаг ч төрийн бодлого үйл ажиллагаа болж хэрэгжиж чадаагүй. Оюутолгойн гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа. Тиймээс бид энэхүү ажлын хэсэгтэй хамтран ажиллах болно. Мөн Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллана" гэв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ