top banner

Үлэг гүрвэлийн музей "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" танхимтай боллоо


2018-05-17 16:45:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" танхимыг шинээр нээлээ.
Шинээр дэглэж буй энэхүү танхим нь дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсролыг үзэгчдэд олгох зорилготой.
Геологийн хөгжлийн 5 эринд хамаарах 12 галавт амьдарч байсан амьтан, ургамлын үүсэл хөгжлийг харуулсан 324 м.кв талбай бүхий энэхүү танхимаас шим ертөнцийн хөгжил буюу эртний амьтан ургамлын үүсэл, тэдгээрийн хөгжил, тивийн шилжилт хөдөлгөөн зэргийг он тооллын дарааллаар үзэх боломжтой.



Энэхүү танхимд эрт, дунд, шинэ төрмөлийн орчны талаарх онолын мэдлэгийг үзэгчдэд өгөхөөс гадна эртний амьтан, ургамлын амьдарч байсан орчныг харуулсан панорамм, диорамм, макет, АНУ-аас ирсэн олдворуудыг жакенаас цэвэрлэж шилэн хоргонд байрлуулан бодитоор үзмэр үзүүллэг болгон толилуулж байна.
Үлэг гүрвэлийн музейн захирал Н.Жавзмаа хэлэхдээ, “Дэлхий ертөнц хэрхэн үүссэн оньсогыг тайлж үзүүлэх гэж энэ танхимыг шинээр нээлээ. Шинэ танхимд архей, протерозой, палеозой, мезозой, кайнозей эрин буюу бидий амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан, ургамал болон Завраполус гээд гол үзмэрийг тойроод Эрдмийн зөвлөлийн дарга н.Ариунчимэгийн 30-аад жилийн хугацаанд цуглуулсан нийт 200 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Үлэг гүрвэлийн төв музейд 1500 гаруй үзмэр бий. Мөн манай судлаачдын цуглуулгаас нэлээд бий. Жуулчдыг татахын тулд манай музей 3000 төгрөгөөр үйлчилдэг. Харин шинэ танхим нээснээр 5000 төгрөгөөр үзүүлж байна. Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон шинжлэх ухаанч иргэн, эртний амьтан, ургамлыг судалдаг судлаач нарыг бэлтгэх зорилгоор “Бяцхан палеонтологич” боловсролын ажил зохион байгуулж байгаа” гэв.



Тус музейн Сэргээн засах албаны эрхлэгч Д.Батжаргал, “Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн 4 сарын хугацаанд энэ танхимыг байгууллаа. Хамтран ажилласан баг хамт олон, музейн ажилтнууддаа талархаж байна. Дэлхий ертөнцийн үүсэл хөгжлийн түүхийг хүүхэд залууст таниулах, монгол оронд маань хэдэн сая жилийн өмнө ямар амьтад амьдарч байсныг мэдэж аваасай, үндсэрхэг үзэлтэй байгаасай, эх орноороо бахархаж байгаасай гэсэн сэтгэлээр дэлхийн жишгийн дагуу хийж гүйцэтгэлээ. Эдгээр олдворын яс цэвэрлээд сууж байхад олон зүйл бодогдож байсан. Тухайлбал, заримдаа олдворын ястай бараг ярилцаж байгаа ч юм шиг санагддаг. Тэгэхээр хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан биш дөнгөж саяхан ч юм шиг бодогддог. Хэдэн галав юүлсний дараа амьдарч байсан амьтдын ясыг нь цэвэрлэж, босгоод, хүмүүст үзүүлэх гэж байгаадаа бахархаж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Дашрамд дурдахад, Үлэг гүрвэлийн төв музейг энэ жил давхардсан тоогоор 80-аад мянган үзэгч, үүний дотор 50-иад мянган хүүхэд багачууд үзэж сонирхжээ.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд