top banner

Дэлхийн Банк хөрөнгө оруулалтын бодлогын талаар хийсэн судалгаагаа танилцуулна


2018-05-17 18:22:10
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо энэ сарын 21-22-ны өдрүүдэд болох Монголын эдийн засгийн чуулганд Дэлхийн Банк Группын Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын туршлагын газрын Олон улсын хөрөнгө оруулалт ба өрсөлдөөний албаны менежер Др. Кристин Зенвэй Чиан оролцох юм байна.

Тэрээр форумын хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар Дэлхийн Банк Группээс саяхан хийсэн судалгааны дүнг өргөн хүрээний оролцогчид, үүний дотор эрдэм шинжилгээ судалгаа, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн түншүүдэд танилцуулах юм.

Хатагтай Чиан “Хөрөнгө оруулалтын чиглэлээр ухаалаг бодлого явуулах нь Монгол Улсын бизнесүүд болон иргэдийн хөрөнгө оруулалтаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тусална. Ялангуяа Монгол Улс дахь хөрөнгө оруулалтыг тогтвортой хамгаалах явдал чухал болохыг хөрөнгө оруулагчид онцлон тэмдэглэж байна. Бизнесийн орчныг бүгдэд ээлтэй болгон сайжруулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бид тууштай ажиллана” гэв.

Хатагтай Чиан нь Вашингтон хотноо ажилладаг  бөгөөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон ажлын байрыг нэмэгдүүлэх, нээлттэй бөгөөд өрсөлдөөнт зах зээлийг бүрдүүлэх шинэтгэлийг хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн 90 гаруй орны Засгийн газруудад зөвлөгөө өгдөг олон улсын шинжээчдийн багийг удирддаг. 

Дэлхийн Банк Групп нь 2014 оноос хойш Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого ба хөдөө аж ахуйн салбарыг дэмжих” зөвлөх үйлчилгээний төслөөр дамжуулан хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тус улсад бодлогын зөвлөлгөө болон техникийн туслалцааг үзүүлж ирсэн юм.

Сурталчилгаа
Монгол брэнд