top banner

Жижиг дунд үйлдвэрлэгчид ДНБ-ий 48 хувийг бүрдүүлж байна


2018-05-17 18:45:18
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ,  дэвшилтэт бүхнийг жил тутамд дэлгэн үзүүлдэг “ЖДҮ-ийн  бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн “Мишээл” экспод нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнг МҮХАҮТ, ХХААХҮЯ, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид шинэлэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ  танилцуулах юм. Түүнчлэн БНСУ,  БНУнгар Улсын худалдааны төлөөлөгчийн газар,Тайвань болон Хонгконгын бизнес эрхлэгчид, Пакистаны төлөөлөл оролцож байна.

“ЖДҮ-ийн  бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” үзэсгэлэнг  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нээж хэлэхдээ, “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи” үзэсгэлэнг 21 дэх жилдээ зохион байгуулж байна.  Манай үйлдвэрлэгчид 21 жил хийж бүтээж, хөгжиж эрийн цээнд хүрлээ. Энэ үзэсгэлэн жижиг дунд үйлдвэрлэгчдийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжил, стандарт, олон улсын байгууллагуудтай хэрхэн  хамтран ажиллаж буйн жишээ юм” хэмээн оролцогсдод амжилт хүслээ. 

Түүнчлэн ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн,  Бизнес регистерийн санд бүртгэлтэй 600 мянга гаруй аж ахуйн нэгжүүдээс 70 гаруй мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 60 орчим мянга нь жижиг дунд үйлдвэрлэгчид байна. Жижиг дунд үйлдвэрл эрхлэгчид  ДНБ-ий 48 хувийг бүрдүүлдэг том салбар. ЖДҮ-ийн тухай хууль өргөн баригдсан энэ цаг үед  үзэсгэлэн болж байгаагаараа онцлогтой.



Энэ удаагийн  ЖДҮ-ийн үзэсгэлэн экологийн цэвэр хүнс, бараа бүтээгдэхүүний нэр төрөл ихтэй,  экспортын шинэ бүтээгдэхүүнээр баяжсан болохыг дурдах нь зүйтэй. Үзэсгэлэнд оролцогсдоос нийт 14 номинациар бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулан, үзэсгэлэнгийн нэрэмжит цом, өргөмжлөл болон зохион байгуулагч байгууллагуудын шагналаар урамшуулах юм.

Үзэсгэлэнгийн үеэр МҮХАҮТ-аас  аж ахуйн нэгжүүдэд зориулж “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь”, “Сав баглаа боодол”, “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт”, “21-р зууны бизнес модел” сэдэвт  сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулав.

“ЖДҮ-ийн  бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл  үргэлжлэх юм.
Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд