top banner

"Соёлын бүтээлч үйлдвэрлэл" үзэсгэлэн нээлтээ хийлээ


2018-05-18 17:37:29
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музейгээс бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, аялал жуулчлалыг татах зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үзэсгэлэнг “Дэлхийн музейн өдөр”-т зориулан толилууллаа.

Энэ жил олон улсын Музейн өдрийг “Өргөн харилцаатай музей. Шинэ хандлага, шинэ олон нийт” гэсэн уриан доор зохион байгуулж буй аж. “Олон улсын музейн өдөр”-ийг 1977 оноос жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэж ирсэн бөгөөд тус өдрийг Дундговь аймгийн Музей 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үзэсгэлэнд Төв халхын дуулалт жүжгийн театр, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр зэрэг соёлын байгууллагууд болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын бүтээл, “Дундговьд үйлдвэрлэв” зэрэг аж ахуйн нэгжүүд, гар урчуудын соёлын бүтээлүүдийг дэлгэн сонирхуулав. Мөн “Музейд суралцахуй” сургалтад ЕБС-ийн сурагчид болон түүх нийгмийн багш нарыг хамрууллаа. 

Дундговь аймгийн Музейн захирал М.Бямбажав, “Манай музейн хамт олон жуулчид, музей сонирхогчдод зориулсан хадны сүг зураг болон бусад үзмэрийг өөрийн гараар зуран өөртөө авч үлдэх боломжтой бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлж байна. Энэ нь бас нэгэн соёлын үйлдвэрлэл юм. Түүнчлэн бид энэ үзэсгэлэнгийн танхимаараа дамжуулан жилд 5-8 удаагийн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд хүргэдэг. Мөн үзэсгэлэнгийн танхимаа тогтмол шинэчилж, музей доторх тойрон аялалыг жил бүр зохион байгуулан ажиллаж байна. Жилдээ бид давхардсан тоогоор арван мянга гаруй үзэгчдэд үйл ажиллагаагаа хүргэдэг” гэж ярилаа.

Түүнчлэн өнөөдөр өндөр настан Б.Сүхээ, Д.Бүдээ нар түүхийн дусгалт “Дэл уул”-ын тухай домог, танин мэдэхүйн мэдээллийг үзэсгэлэнд ирсэн хүмүүст ярьж, сонирхуулсан юм.
Б.Ундармаа
 
 
 



Монгол брэнд