top banner

Дорноговь аймгийн шилдэг гэр бүлүүдийг шалгарууллаа


2018-05-18 18:37:25
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран Дорноговь аймгийн шилдэг гэр бүлийг шалгарууллаа. Албаныхан нийгмийн хамгийн үнэт зүйлс нь  гэр бүл, түүний тогтвортой байдал гэж үзээд “Хүний хөгжлийн дэмжих жил”-ийн ажлын хүрээнд бусдадаа үлгэр дуурайл үзүүлж буй гэр бүлийг найман номинациар шалгарууллаа.
“Угийн бичигтэн гэр бүлээр Алтанширээ сумын Улааныхан удмын угийн бичгийг хөтлөгч Б.Мягмаржавын гэр бүл, “Эрүүл мэндийг дэмжигч гэр бүл"-ээр Сайншанд сумын  иргэн Т. Азбаяр, Б.Болортуяа нар, “Эко орчин бүрдүүлэгч гэр бүл"-ээр Даланжаргалан сумын  иргэн Ц. Энхтөр,н.Янжиндулам нар, “Хөдөлмөрч гэр бүл"-ээр Даланжаргалан сумын Н.Сайхандэлгэр,М.Мөнхзаяа, “Удам дагасан малчин гэр бүл"-ээр Алтанширээ сумын А.Юра,Б.Шагдарсүрэн, “Нийгэмд малайлагч гэр бүл"-ээр Замын-Үүд сумын Ц.Сайнцог, Д.Гүмпэлмаа, “Бахархан дуурайх гэр бүл” -ээр Даланжаргалан сумын Г.Бямбаа, Т. Жавзмаа, “Үр хүүхдээ зөв төлөвшүүлсэн гэр бүл”-ээр Дэлгэрэх сумын Ч.Маналжав, Л.Түмэндэлгэр нар тус тус шалгарчээ.
Шилдэг гэр бүлүүдийн амжилтаас дурдвал удам дагасан малчин А.Юра, Б.Шагдарсүрэн нар мал сүргээ таван төрлөөр өсгөж бойжуулахас гадна монголын уламжлалт мал аж ахуйн соёлыг үргэлжлүүлэн авч яваа төдийгүй орон нутгийнхаа малчдын амьдралд тусалж, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байна.
Харин эрүүл мэндийг дэмжигч гэр бүлийг үр хүүхэд нь вакцинжуулалтад тогтмол хамрагддаг, эко хүнс хэрэглэхэд санаачилга гаргасан, хэрэглэж заншсан  төдийгүй өөрийн гараар тарьсан, боловсруулан хүнсний ногоо хоол хүнсэндээ хэрэглэдэг, буруу зан үйл, хорт зуршлаа өөрчилсөн  гэх мэт шалгуураар тодруулжээ.
Шилдэг гэр бүлийг шалгаруулж алдаршуулснаар гэр бүлийн хөгжлийг дэмжиж, тэдний  нийгмийн оролцоо үлгэр дуурайллыг бусдад түгээх, нийгэмд  эерэг өөрчлөлт авчрахад нөлөө үзүүлнэ гэж албаныхан онцлов.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд