top banner

БНХАУ болон АНУ худалдааны дайнаас татгалзлаа


2018-05-20 15:08:29
Зураг
БЭЭЖИН. /ТАСС/. “БНХАУ болон АНУ-ын удирдлага худалдааны дайныг дэгдээхгүй байхаар тохиролцсон бөгөөд энэ нь хоёр улс болон дэлхийн дахины ашиг сонирхолд нийцнэ” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай элч болох Хятадын Төрийн зөвлөлийн дэд дарга Лю Хэ мэдэгдлээ.
 
“Хятад-Америкийн энэ удаагийн хэлэлцээний гол үр дүн бол бид харилцан ойлголцолд  хүрч, худалдааны дайнаас татгалзсан явдал юм. Хоёр тал бие биеийнхээ үйлдвэрлэсэн бараануудад ногдуулсан татварыг нэмэгдүүлэхээс татгалзаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
“Хэлэлцээ амжилттай болсон нь БНХАУ болон АНУ-ын удирдагчид маш чухал зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой бөгөөд тэд хоёр орны ард түмэн болон дэлхий дахины ашиг сонирхлыг эн тэргүүнд тавилаа” гэж Лю Хэ мэдэгдсэн байна. 
 
Энэ сарын 17 болон 18-ны өдрүүдэд болсон хэлэлцээний үеэр хоёр орны төлөөлөгчид хоёр талын худалдааны тэнцэлд гарч буй алдагдлыг багасгах асуудлаар зөвшилцөлд хүрч чаджээ. Тохиролцоо ёсоор Хятад улсын зүгээс Америкийн барааг худалдан авах хэмжээгээ нэмэгдүүлэхээр болсон байна.
 
Вашингтон хотноо болсон хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс болон тусгай төлөөлөгч Роберт Лайтхайзер нар оролцжээ.
 
Э.Аянзаяа  


Монгол брэнд