top banner

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээ


2018-05-21 11:49:18
Зураг
САНКТ-ПЕТЕРБУРГ./ТАСС/. ДАШТ-2018-ын 7 тоглолт болох “Крестовый” арал дахь “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг барих зардал 45 тэрбум рубль болсон гэж Санк-Петербург хотын захирагч Георгий Полтавченко мэдэгдлээ.

“Дээрх хэмжээний нийт зардлаас 4,5 тэрбумыг нь ДАШТ-2018-ын үеэр ашиглах түр хугацааны дэд бүтцэд зарцуулсан” гэдгийг тэрбээр хэлэв.

Түүний ярьснаар, одоо тус хотод ДАШТ-2018-ын өмнөх сүүлчийн бэлтгэл ажлууд үндсэндээ дуусч байгаа аж. Санк-Петербург хотод Коста-Рика, Саудын Арави, Англи, Өмнөд Солонгосын шигшээ багууд бэлтгэлээ хийх бөгөөд бэлтгэлийн баазуудын барилгын ажил хэдийнэ дуусчээ.

Түүнээс гадна, тус хотод "Новокрестовская", "Беговая" гэсэн метроны хоёр станцын нээлт болох гэж байна. Эдгээр станц нь метроны “Невско-Василеостровская” шугамын үргэлжлэл бөгөөд “Санк-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд ойрхон оршино.        

Хотын захирагчийн ярьснаар, ДАШТ-2018-ын үеэр Санкт-Петербург хотод 400 мянга орчим хөгжөөн дэмжигчид ирэх аж. “Өнгөрсөн онд бид 7,5 сая жуулчин хүлээн авсныг тооцож үзээд энэ онд жуулчдын тоог 8 саяд хүргэхээр төлөвлөж байна” хэмээн Г.Полтавченко ярилаа.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд