top banner

Эд Ширан “Billboard Music Awards”-ын гол шагналыг авчээ


2018-05-21 16:41:10
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн “Billboard Music Awards” шагнал гардуулах ёслолын гол шагнал болох “Шилдэг уран бүтээлч”-ээр Их Британийн дуучин Эд Ширан шалгарчээ. 25 дахь удаагийн “Billboard Music Awards” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод болсон бөгөөд уг ёслолыг NBC телевизээр шууд дамжуулжээ.
 
Энэ жил 15 төрөлд нэр дэвшсэн Эд Ширан шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд биечлэн оролцож чадаагүй байна. Тэрбээр “Шилдэг дуучин”, “Радиогийн шилдэг дуу” болон “Billboard Hot 100 жагсаалтын шилдэг дуучин” болон бусад нийт 6 төрөлд шагнал хүртсэн байна.
 
Түүнчлэн Америкийн рэпер Кендрик Ламар болон дуучин Бруно Марс нар 15 төрөлд нэр дэвшсэн байна. К.Ламар “Шилдэг рэп дуучин” болон “Billboard 200”-ийн шилдэг цомог” төрөлд шалгарсан бол Дуучин Бруно Марс “Хэмнэл болон блюз төрлийн шилдэг дуучин” мөн энэ төрлийн шилдэг цомог төрөлд “24K Magic” цомгоороо, шилдэг дуу төрөлд “That's What I Like” дуугаараа тус тус шагнал хүртсэн байна.

Харин Америкийн поп од Тейлор Свифт “Шилдэг эмэгтэй дуучин”-аар шалгарчээ. Түүнчлэн “Шилдэг рок дуучин”, “Шилдэг рок цомог” болон “Шилдэг рок дуу” төрлүүдэд Imagine Dragons хамтлаг шалгарсан бол  “Billboard Hot 100”-ийн шилдэг дуу төрөлд Despacito дуу тус бүр шалгарсан байна.
Э.Аянзаяа 

Монгол брэнд