top banner

Баабар:Оюутолгой зогсвол юун цалингаа нэмэх дээр нь багш нар цалингүй болно


2018-05-22 11:41:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын эдийн засгийн чуулган"-ы хүндэт зочноор нийтлэлч Баабар оролцож илтгэл тавьсан юм.
Тэрээр илтгэлдээ, "Үндэсний нийт бүтээгдэхүүн нь ганц тэрбум ам.долларт хүрэхгүй, ДНБ-ийхээ 40 хувийг гадны зээлээр бүрдүүлдэг, улсын нийт нөөц нь  1996 оны байдлаар 6-хан сая ам.доллар байсан ийм оронд энэ хямралт тогтолцоог яаралтай засахгүй бол дампуурах хэмжээнд хүрсэн байсан. Төрд хамааралтай бүх банк зээл олгосны шанд зээлүүлэх шийдвэр гаргагчид 10-15 хувийн хахууль өгдөг нь ил тод, жишиг тогтсон байсан. Гэвч реформ хийхээс бүгд айдаг байлаа. Харин миний хийсэн реформын хүчээр банк санхүүгийн систем эрүүлжсэн. Та өнөөдөр аль ч банк санхүүгийн салбарт очиж зээл хүсээд, зээлүүлбэл 15 хувийн шагнал өгье гээд хэлээд үз дээ. Харин би үүнээс хойш Монголын төр байтугай, улс төрийн намаас хол байхыг хичээх болсон.
Оюутолгой хэмээх зэсийн асар том орд олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг болчихоод байна. Үүнийг монголчууд ч олоогүй. Гадны мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол газар доороо нам тайван байх байсан. Олсон байлаа гэхэд түүнийг ашиглах хөрөнгө, мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй. Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт татвараар өгчээ.

Манай иргэдийн хэт олонх нь Оюутолгойн гэрээ буруу болсон, гадныханд ясандаа тултал дээрэмдүүлж байна, манай бүх баялгийг үнэ төлбөргүй дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, бид Оюутолгойгоос болоод хэзээ ч гарч чадахгүй өртэй болсон гэх ягшмал ойлголттой болчихоод байна.

Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум ам. доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум ам.долларыг улсын төсөвт татвараар өгчээ. Үүн дээр дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ нь 525 сая доллар болжээ. 5,7 тэрбум доллараар Монголд 1700 компанитай худалдаа хийжээ.

Оюутолгойд өнөөдөр 15 мянган монгол хүн ажиллаж, тэдний доод цалин нь 1000 ам. доллар, дундаж цалин нь 3000 ам.доллар байгаа нь бусад аль ч салбарынхаас 10 дахин илүүд тооцогдож байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой 2 жил хаалгаа барьсныг тооцож үзээрэй.

Оюутолгойд Монголд үлдээж байгаа мөнгө нь жилд тэрбум  ам. доллар болж байгаа нь Оюутолгойгоос өмнөх үеийн Монголын нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энд үлдээж байгаа мөнгө нь төсвөөс цалин авдаг 187 мянган ажилтан болон тэтгэвэр авдаг 398 мянган хүний нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар бүр 110-120 сая доллар Монголын банкууд руу орж буй нь өнөөдөр монгол төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж байна.

Төгрөгийн ханш хэлбэлзээд байдаг учир америк доллараар хэллээ. Төгрөгт шилжүүлвэл 2500 төгрөгөөр бодвол их наяд давна. Энэ бол ардаа 12 тэгтэй тоо шүү.

Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Үүнгүйгээр бидний ирээдүй харанхуйгаараа хэдэн үеэр үргэлжилж магад.

Нүглийн хажуугаар нүдээ анин чимээгүй өнгөрөгсөд нүгэл үйлдэгчээсээ илүү нүгэлтэн гэж агуу найрагч Данте олон зууны өмнө сануулжээ. Улс орныг мөхөл рүү нь чирж буйг харж, мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч амиа бодон хувиа хичээж чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчдийн өмнөөс би энэ үгийг хэлж байна" хэмээн онцлов.

Монгол брэнд