top banner

Цаасан дээр шийдвэрүүд гаргахаас илүүтэй бодит ажил руу шилжих ёстой гэв


2018-05-22 16:17:54
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Гурван тулгуурт бодлогыг  хөгжлийн загвараа болгож явах ёстой гэдэгт “Монголын эдийн засгийн чуулганы “Монгол Улсын Хөгжлийн загвар” нэгдсэн хуралдааны үеэр төлөөлөгчид онцолж байна.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын талаар сийрүүлбэл  3 зорилт, 9 бүлэг, 27 шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсыг 2018-2050  он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Тус хөтөлбөр Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулж 2015 онд батлагдсан.
Тогтвортой өсөлтийг бий болгохдоо эдийн засаг, Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах засаглалын реформ, Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын шинэчлэл нь  Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур гэж тусгажээ. томъёолсон байна. Нэгдмэл төлөвлөлт бол Гурван тулгуурт бодлогын суурь юм. Хөгжлийн 162 бодлого, хөтөлбөр, баримт бичгийг шүүж, цэгцэлж нэгтгэсэн гэдгээрээ үнэ цэнэтэй, бодитой төлөвлөгөө болж буйг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар  онцолсон.

Гурван тулгуурт бодлогын хүрээнд Хүнсний экспорт, хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Аж үйлдвэр, дэд бүтэц гэсэн салбарыг хөгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлэх юм байна.

“Монгол Улсын Хөгжлийн загвар” нэгдсэн хуралдааны панелистууд ийнхүү ярив.

ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж: Монгол Улс олон төрлийн цаас бэлтгэж, хийсвэр шийдвэр гаргаж ирлээ. Цаасан дээр шийдвэрүүд гаргахаас  илүүтэй бодит ажил руу шилжих ёстой.  Улс төрийн тогтворгүй байдал нь бидний хөгжилд чөдөр тушаа болоод байна. Аливаа улс орны хөгжил шинжлэх ухаан дээрээ суурилдаг. Гэтэл Монгол Улсын эрх баригчид шинжлэх ухааны байгууллагуудаа тоодоггүй бодлого гаргахдаа эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй явж ирлээ. Тэгэхээр Хөгжлийн загвар ярьж байгаа учир эрдэмтдийнхээ  хүчийг хэрхэн  ашиглах вэ гэдгээ бодох ёстой. Хөгжлийн загвар гэвэл хаана ч байгүй нүүдлийн соёл, өв уламжлалаа орчин үеийн шинжлэх ухаантай хослуулснаар бид хөгжинө.Эдийн засгийн чанарын өсөлтийг хангах зохистой бүтэц бүхий эдийн засаг байх ёстой.



УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ удаагийн чуулганаар төр нь тогтвортой байж хөгжил ирнэ гэдгийг хүн бүр ярьж байна.  Шинээр байгуулагдсан Засгийн газар нь  1.8 жил оршин тогтоно гэхээр хөгжил ярихад хэцүү болж байгаа юм. Улс төрийн тогтвортой байдал бий болвол бодлогын тогтвортой байдал бий болно. Улмаар эрх мэдлийн зөв хуваарилалтыг хийж өгөх шаардлага бий. Монгол Улсад өнөөдөр тогтвортой хөгжлийн институт хэрэгтэй байна. Тиймээс Үндэсний хөгжлийн газраа чадавхжуулж бэхжүүлэх замаар хөгжлийн гарц олно. Гол нь хөгжлийн загвар, хөгжлийн индекс тогтвортой байх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Эдийн засгийн асуудал бол Монголын улстөрийн асуудал болчихоод байна. Өнөөдөр Монгол Улс шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого гаргах ёстой. Орон нутаг  яаж хөгжих вэ гэсэн хөгжлийн бодлого алга. Үнэндээ бид шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого явуулж чадахгүй байна. Монгол Улсад тогтвортой зүйл алга. Төрийн албан хаагч нарын тоо хэтрээд байна.  187 мянган төрийн албан хаагч байна.
 
Эдийн засагч, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл: Юуны өмнө засаглал, институцийн чанарын талаар ярилцах хэрэгтэй. Хуулийн засаглал, төрийн алба, уул уурхайн засаглал булингартай байна. Дээрх гурван асуудлыг бид цэгцлэх ёстой. Одоо үлдэж буй цагтаа хуулийн засаглалыг сэргээх талаар УИХ санаачилж хэлэлцмээр байна.  Төрийн зохицуулалтын шинэтгэлийг хийхгүй бол хүнд суртал лавшраад байна. 2030 онд чинээлэг дундаж ангийг бий болгоно гэжээ. Гэтэл бид хэдэн давхрага байгаагаа тодорхойлоогүй байна. Үндэсний хөгжлийн газрын оронд Үндэсний хөгжлийн яам байгуулах шаардлагатай. Цар хүрээ нь том байж асуудлыг шийднэ. 
Б.Заяа

Монгол брэнд