top banner

Сургуулийн цагдааг зодож танхайрсан этгээдэд 7 хоног баривчлах шийтгэл оноов


2018-05-22 17:16:23
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэл хотын гудамж талбайд цагдаагийн болон сургуулийн цагдаагийн шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцсэн зөрчил гаргах явдал цөөнгүй гарч байна. Ийм зөрчлүүд олон нийтийн хараанаас мултрахгүй, харин ч цахим сүлжээгээр иргэд шууд дамжуулж, цагдаагийн газарт зөрчлийг бүртгүүлэх боллоо.
Үүний нэг нь  Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн гадна, автомашины гарц дээр иргэн М машинаа байрлуулан, улмаар сургуулийн ойр орчимд "Эцэг эхийн эргүүл"-ийн үүрэг гүйцэтгэж байсан /School Police/ иргэн Э-гийн шаардлагыг үл тоон, танхайрсан хэрэг өнгөрсөн баасан гаригт болсон. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танхайрсан иргэн М-ийг 30 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ.

Ж.Батсайхан


Монгол брэнд