top banner

Гадаадын сэтгүүлчид Умард Солонгост хүрэлцэн иржээ


2018-05-22 18:01:43
Зураг
СӨҮЛ. /ТАСС/. Гадаадын 10 гаруй сэтгүүлч Умард Солонгосын Вонсан хотод хүрэлцэн иржээ. Тэд тус хотоос Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол руу явах аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, сэтгүүлчдийн дунд “Ассошиэтэд пресс”, “Си-Эн-Эн”, “Си-Би-Эс”, “RT” зэрэг агентлаг болон телевизүүдээс төлөөлөн оролцож байгаа сэтгүүлчид байгаа гэнэ. Түүнчлэн Хятадын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч багтаж байгаа аж.  
 
Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлах гэж буй Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг Умард Солонгос хүлээж авахаас татгалзсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ шийдвэрт харамсаж байгаагаа Өмнөд Солонгос илэрхийлсэн юм.
 
Умард Солонгосын тал Пунгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжилна уу хэмээн Өмнөд Солонгосын 8 сэтгүүлчийг урьсан хэдий ч шийдвэрээ өөрчилсөн юм. Ийм шийдвэр гаргасан нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт хийхтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
 
Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслол энэ сарын 23-25-ны хооронд болно гэж Умард Солонгосын ГХЯ энэ сарын 12-нд зарласан юм. Ёслолд ОХУ, Их Британи, Хятад, Өмнөд Солонгос болон АНУ-ын сэтгүүлчид хүрэлцэн ирж магадгүй гэж мэдэгдэж байжээ.
 
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн сарын 27-нд яриа хэлэлцээ хийх үеэрээ цөмийн туршилтын талбайг хаахаар тохиролцсон юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд