top banner

Дэлхийн дулаарлын нөлөөг баримтат киногоор үзүүлнэ


2018-05-23 16:29:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос орны зэрлэг ан амьтан, ургамалд дэлхийн дулаарлын учруулж буй нөлөөг үзүүлэх “Онгон зэрлэг диваажин: Орос” нэртэй баримтат киног АНУ-ын “National Geographic” телевиз бүтээжээ.
Уг баримтат бүтээлийг Оросын цөмийн энергийн “Росатом” корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэсэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт Сочид зохион байгуулагдсан “АТОМЭКСПО” олон улсын хурлын үеэр нээлтийг нь хийв.
Тус киноны зураг авалтыг Орос орны Камчаткын хойг, Арктик зэрэг бүс нутаг, мөн Орос, Монголын хилийг дамнан орших Алтайн нуруунд жил орчмын хугацаанд хийж, энэ нутгийн зэрлэг ан амьтан, ургамлын амьдрах орчинд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн сөргөөр нөлөөлж буйг үзүүлжээ. Тухайлбал, Алтайн нурууны янгир, цоохор ирвэс зэрэг амьтны хоорондын тэмцлийг өндөр чанартай дүрс бичлэгээр баримтжуулан үлдээсэн байна.
Дэлхийн дулаарал нь зөвхөн хойд туйлын цагаан баавгайн асуудал биш бөгөөд бүх зэрлэг ан амьтан, ургамалд аюул учруулж буйг энэ зун дэлхийн үзэгчдэд хүрэх энэхүү баримтат киноноос харж болох юм. Баримтат цувралын дараагийн ангийг Турк улсад хийхээр болжээ.
 
Х.Аминаа
 


Монгол брэнд