top banner

Х.Амгаланбаатар: Тэмцэл зөвхөн төрийн албан хаагчдад бус хувийн хэвшлийхэнд ч хамаатай


2018-05-23 17:49:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан энэ сарын 1-нээс эхлүүлээд буй тэмцлийн талаар МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн тэд цаашид зорьж ажиллах чиглэлээ танилцуулсан юм. 

Багш, эмч, урлагийн салбарынхны уг тэмцлийн ажлын хэсгийг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа удирдан явуулж буй аж. Мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг дотоодын 14, гадны 11 холбоод тэмцэлд нэгдэн, дэмжиж байгааг хэлж байв. Тэд уг тэмцлээр ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж байгаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Энэ бол нэгдсэн тэмцлийн ажил юм. Бид тэмцлээ хуулийн дагуу явуулах болно. Зөвхөн төрийн албан хаагчдад бус хувийн хэвшлийхэнд ч гэсэн хамааралтай” гэв. Мөн тэрбээр ойрын хугацаанд доорх гурван асуудал руу чиглэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Тодруулбал, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох бололцоог хангах, УИХ-ын 2016 оны  29-р тогтоолыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажилтан хүнд ээлтэй хууль болгон батлуулах гэсэн зорилго дэвшүүлж буй аж. 
Б.Уянга
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд