Арменид эхэлсэн авлигын эсрэг “аян дайн”-ы өрнөл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-05-24 10:23:36
Украин, Гүрж, Киргиз болон Арабын орнуудтай харьцуулахад элдэв зовиур шаналалгүйгээр ганцхан сарын дотор “өнгөт хувьсгал” хийж чадсан Арменийн сөрөг хүчний удирдагч Никол Пашинян ерөнхий сайдаар томилогдсоныхоо маргааш өдрөөс эхлэн авлигын эсрэг өргөн хэмжээний кампанит ажил өрнүүлж байна.

Авлигын эсрэг аяны шуурганд хамгийн түрүүнд хээл хахуульд нэвт шувт идэгдсэн хүчний байгууллагынхан тодруулбал, замын цагдаа, цагдаа, дотоодын цэрэг, аюулаас хамгаалах албаны дарга нар өртлөө.

Энэ сарын 8-ны өдөр Ерөнхий сайдаар томилогдсон Н.Пашинян ганцхан долоо хоногийн дотор бүх сайд нарыг, авлигад нэр нь холбогдсон төрийн түшмэд, генералуудыг бүгдийг нь, тэдний дотор Арменийн Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч болон Үндэсний аюулгүй байдлын албаны даргыг ажлаас нь халжээ. Ерөнхийлөгч Армен Саркисян тус хоёр байгууллагын даргаар В.Осипян, А.Ванецян нарыг томилсон байна. Хүчний байгууллагуудад газар авсан авлигыг маш богино хугацаанд уг үндсээр нь устгана гэж шинэ Ерөнхий сайд амалсан байна. Үүний тулд замын цагдаагаас эхлээд цагдаагийн байгууллагын дээд удирдлагыг бүхэлд нь цэвэрлэх аж. Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, бүх мужийн захирагч нарыг албан тушаалаас нь чөлөөлөх бодолтой байгаагаа Пашинян мэдэгдсэн байна. 

Шинэ Ерөнхий сайд ийм маягаар эрс шийдэмгий алхам хийж байгаа хэдий ч Ереван болон бусад хотод эсэргүүцлийн жагсаал цуглаанууд үргэлжилсээр, өмнөх эрх баригчдын үед ажиллаж байсан Улсын Ерөнхий прокурор, Ереван хотын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардсаар байна. Тэд мөн парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Тэгэхээр ойрын үед дахиад томоохон халаа сэлгээ хийгдэх нь тодорхой байна.

Тус улсад манай АТГ-тай ижил төрөлжсөн тусгай байгууллага байхгүй учраас авлигатай тэмцэх үүргийг одоохондоо Үндэсний аюулгүй байдлын алба гүйцэтгэх аж. Тус албаныхан 350 хүний нэр холбогдсон авлигын сүлжээнүүдийг илрүүлж, хууль бусаар баяжих явдалтай хатуу тэмцэнэ гэсэн амлалт өгчээ. Гэхдээ 5 дугаар сарын 23-наас хойш энэ чиглэлд тодорхой алхмууд хийж эхэлнэ гэдгийг дурдсан байна. 

Пашинян засгийн эрхэнд гарснаас хойш Арменид нийгмийн уур амьсгал огт өөр болж байна. Сайд нар нийтийн тээврээр үйлчлүүлж, Ерөнхий сайд нь ажилдаа явган ирж байхыг армянчууд амьдралдаа анх удаа харлаа.

Ойрын өдрүүдэд хүмүүс өөрчлөлтийг амьдрал дээрээ мэдэрч эхлэх болно гэж Пашинян мэдэгдлээ. Түүний гаргасан эхний захирамжууд нь гаальтай холбоотой бөгөөд бараа таваарт гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг богиносгож, монополь байдлыг халахад чиглэжээ. Тодорхой хэлбэл, өмнөх засгийн үед дизель түлш, бензин, элсэн чихэр, гадил жимс зэргийг авлигачдын мэдлийн хэдхэн монополь компани импортолдог байсан бол одоо тус улсын иргэн хэн боловч эдгээр барааг гадаадаас оруулж ирэх эрхтэй болж байна.

Удахгүй хөдөө аж ахуйн болон хэрэглээний зориулалтаар авсан зээлийн хугацаа хэтэрсний алданги, торгуулийг тэглэж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчилд ногдуулдаг торгуулийн хэмжээг бууруулах талаар шийдвэр гаргах гэнэ.

“Онлайн” Ерөнхий сайд

“Миний улс төрийн хамтран зүтгэгчид, миний гэр бүлийнхэн, хамаатан саднуудтай холбоотой татвараас нуугдсан тохиолдол байх аваас хууль дүрэм бүгдэд тэгш үйлчлэх ёстой” гэж Н.Пашинян хэлсэн байна.

Түүний засгийн газрын гол зорилт бол нийгмийн тогтолцоонд шинэчлэл хийх замаар улс төр, эдийн засгийн хурц хямралыг даван туулах явдал юм.
 
Пашинян хуучин дэглэмийн эсрэг тэмцэж байсан залуу хүмүүсийг өөрийн танхимдаа авсан бөгөөд тэд авлигын эсрэг тэмцлийг манлайлах ёстой болжээ. Түүний удирдсан баг авлига, хүнд суртлаас ангид бөгөөд ард иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллахыг чухалчилж байна. Үүгээрээ өмнөх засгийн газруудаас эрс ялгарч байгаа юм. 
 
Пашинян нийгмийн сүлжээнүүдийг өдөр тутмын ажилдаа маш үр дүнтэйгээр ашиглаж байгаа аж. Шинэ Ерөнхий сайд шөнө дундын 12 цагийн үед фэйсбүүк хуудсандаа тухайн өдөр юу хийж бүтээсэн тухайгаа бичиж, ард иргэддээ тайлагнаж байна. Төрийн ажлыг ийм ил тод байдлаар явуулна гэж хэн ч төсөөлөөгүй буй заа. Сайдаар томилогдсон хүн бүрийн тухайд тэрбээр “ямар учраас энэ хүн тухайн яам, агентлагийг удирдах болсон бэ” гэдгийг маш тодорхой тайлбарлаж, тухайн салбарын ажлыг сайжруулахын тулд хариуцсан сайдад нь ямар үүрэг даалгавар өгсөн бэ гэдгээ өдөр бүр мэдээлж хэвшжээ. Ерөнхий сайд болон шинэ сайд нар өдөр бүр фейсбүүк болон бусад сүлжээгээр live хийж, өөрсдийнх нь алдаа дутагдлынх нь талаарх шүүмжлэлд хариу өгч байгаа ба засгийн газрын анхны хуралдаанаа интернэтээр шууд дамжуулан үзүүлжээ.
 
Армени улс авлигад хэр зэрэг идэгдсэн бэ гэдгийг харуулах нэгэн жишээг Пашинян дурдсан байна. Юу вэ гэвэл, хүүхдүүдээ цэрэгт явуулсан эцэг эхчүүд тэдний өмсөх оймсыг нь хүртэл илгээмжээр явуулж байгаа нь авлигын хүрээ хэрхэн тэлснийг харуулж буй тод жишээ бөгөөд ийм гутамшигт явдлыг халж, төрөөс цэргүүдийн хангамжийг бүрэн хариуцах болно гэдгийг Ерөнхий сайд амлалаа. Ийм зохисгүй байдал гарсан тохиолдолд засгийн газар эсвэл өөрт нь нэн даруй мэдээлж байхыг тэрбээр уриалав.
 
Үүний сацуу авлигын замаар олж аваад хууль бусаар гадаад руу гаргасан их хэмжээний мөнгийг буцааж авчирна, эл үйлдлийг хийсэн түшмэдийг шийтгэнэ, шинээр томилогдсон албан тушаалтнуудын хөрөнгө орлогын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоно гэж Пашиняны засгийн газар амлажээ.
 
Үүнтэй холбоотойгоор, гадаад орнууд руу 10 тэрбум ам.долларыг гаргасан гэх цуурхал сүүлийн үед тархсаныг Арменийн Төв банкны ерөнхийлөгч эрс няцаагаад “ийм их мөнгө манай улсын бизнес эрхлэгчдийн хэнд нь ч байхгүй” гэлээ. 10 тэрбум гэдэг бол арай л дэгсдүүлсэн тоо. Учир нь, Арменийн бүтэн жилд үйлдвэрлэсэн ДНБ 10 тэрбум гаруй доллар байгаа бөгөөд 3 сая орчим хүн амтай энэ улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь манай Монголынхтой адил 4000 орчим доллар болж байна. Дашрамд дурдахад, дэлхий даяар 10-11 сая армян үндэстэн хүмүүс тархан суурьшсан байдгаас ердөө 3 сая нь Армени улсад аж төрдөг гэнэ. Турк, Иран, Гүрж, Азербайжан гэсэн дөрвөн улсаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй “азгүй” орнуудын нэг гэдгээрээ Армени улс нь бидэнтэй ижил.
 
Түүнчлэн авлигад хэр идэгдсэн бэ гэдгээрээ ч мөн адил Монгол, Армени хоёр өмнө хойноо ороод “тууж явна”. Тодруулбал, олон улсын "Транспэренси Интернэшнл" байгууллагаас нийт 180 орныг хамруулан 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлахад Монгол Улс 36 оноо авч 103 дугаар байранд эрэмблэгдсэн бол Армени 107-д бичигджээ.


 
Үүнтэй холбоотой хоёрхон жишээ дурдъя. Арменийн өмнөх төр засгийн үед, хоёр жилийн өмнө буюу 2016 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хууль бусаар хөрөнгөжих явдлыг гэмт хэрэг мөн хэмээн хуульчилсан боловч төрийн албанд ажилладаг хүмүүсээс нэг нь ч эрүүгийн хуулийн тухайн зүйл ангиар шийтгүүлээгүй байх жишээтэй.                                                                                                                              

2015 оны 2 дугаар сард Арменийн засгийн газрын дэргэд Авлигатай тэмцэх зөвлөл гэдэг байгууллага бий болсон бөгөөд түүнийг Ерөнхий сайд асан О.Абрамян толгойлж, Сангийн сайд асан Г.Хачатрян болон Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнууд бүрэлдэхүүнд нь орсон байж. Харин олон нийтийн зүгээс эл шийдвэрийг эрс шүүмжилж “авлигачид өөрсдөө авлигатай тэмцэх зөвлөлд орчихлоо” хэмээн эсэргүүцэж байв.  Учир нь, тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нар хоёулаа долларын саятнууд байсан бөгөөд тэдний ах дүү, хамаатан саднууд нь олон тооны компани эзэмшиж, албан ёсны мэдээллээр, олон сая долларын орлого олдог аж.                          
 
Америк хандлага
 
Ереваны шинэ эрх баригчдын явуулж буй авлигын эсрэг чиглэсэн шийдэмгий ажиллагаа, эдийн засгийн шинэчлэлийг АНУ дэмжиж байна. Энэ тухайд Ереванд суугаа АНУ-ын элчин сайд Ричард Миллс хэлэхдээ “бид ардчиллыг бэхжүүлэх, чөлөөт эдийн засгийг бий болгох тал дээр АНУ-ын зүгээс Арменид хэрхэн тусалж болох вэ гэдгийг Пашиняны засгийн газартай хамтран хэлэлцэнэ” гэлээ. 
 
Өмнө нь 2015 онд нийтлэгдсэн АНУ-ын Төрийн Департаментын илтгэлд “Арменид авлига газар авч, төрийн байгууллагуудын ил тод байдал, шүүх засаглалын хараат бус байдал алдагдсан”-ыг сануулж байжээ. Авлигын асуудлыг шийдвэрлэхгүй бол тодорхой салбарууд дахь хоёр орны харилцаанд, ялангуяа хөрөнгө оруулалтад нөлөөлнө гэж элчин сайд Р.Миллс тухайн үед анхааруулж байв. Гэсэн хэдий ч америкчууд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Арменид хэрэгжиж буй авлигын эсрэг хөтөлбөрийг санхүүжүүлсээр байлаа.   
 
 Хөрш Гүржийн туршлага
 
Авлигатай тэмцэх тал дээр Арменийн хөрш болох Гүрж улсад бэлээхэн сайхан туршлага бий. Гэхдээ арменичууд хөршийнхөө туршлагыг шууд хуулбарлах уу гэдэг нь тодорхойгүй байна. Юутай ч авлигын эсрэг “аян дайн”-ыг цагдаагийн байгууллагаас эхэлснээрээ төстэй байдал ажиглагдлаа. 
 
Гүржийг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дотроос хамгийн ихээр авлигад идэгдсэн орон гэж үзэж байсан билээ. Гэтэл хуучин социалист орнуудын аль нь ч хийж чадаагүй шинэчлэлийг гүржүүд 5-6-хан жилийн дотор хийж чадсан. 2004 онд эхэлсэн шинэчлэлийн үр дүнд тэд улс төрийнхөө аппаратыг бүрэн цэвэрлэн шинэчилжээ.
 
Тухайн үеийн Гүржийн Ерөнхийлөгч Саакашвили замын цагдаагийн газрыг татан буулгаснаар замын хөдөлгөөн 3 сарын турш ямар ч хяналтгүй болж байв. Иймээс иргэдээс бие бялдрын болон суурь мэдлэгийн шалгалт аван замын цагдаа болгож байлаа. Өнөөдөр тус улсын Дотоод хэргийн яамны бие бүрэлдэхүүний 90 хувийг урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй хүмүүс бүрдүүлж байна. .

Авлигын үүр уурхай болсон байгууллагуудыг бүрэн устгаж, оронд нь цоо шинэ байгууллага бий болгон, өмнө нь хахууль авч байгаагүй нэр цэвэр ажилтнуудыг ажиллуулах болов. “Та нийгэмд хэрэгтэй ямар зүйл бүтээж байна вэ” гэсэн асуултад хариулж чадаагүй албан хаагчдыг бүгдийг нь халсан ба үүний дүнд хүнд сурталт түшмэдийн тоо 2 дахин цөөрчээ.
 
Цаашдын алхмууд
 
Арменид удахгүй авлигатай тэмцэх тусгай байгууллага бий болох гэж байна. Юуны түрүүнд тус байгууллага төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгэд дүн шинжилгээ хийж, тэдний нуусан орлогуудыг илрүүлэх аж.
 
Авлигачдын хулгайлсан мөнгийг хэрхэн төрийн санд буцааж оруулах вэ гэдэг асуудлыг хоёр замаар шийдэх бололтой. Нэг бол төрийн түшмэд хулгайлсан мөнгөө сайн дураараа буцааж өгөөд хариуцлага хүлээхгүй байх, эсвэл тэдэнд ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хувилбараас алийг нь шинэ эрх баригчид сонгож, хуульчлах нь одоогоор тодорхойгүй байгаа гэдгийг Хууль зүйн сайд Артак Зейналян хэлээд “авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо чухал” болохыг онцлон тэмдэглэлээ.
 
“Арменийн хуульчдын холбоо”-ны тэргүүний хэлснээр бол, авлигатай тэмцэх талаарх хууль эрх зүйн механизм тус улсад хэдийнэ бүрэлдэн бий болсон бөгөөд одоо зөвхөн улс төрийн хүсэл зориг, иргэний зориг гаргах хэрэгтэй байна. Оффшор дансны жинхэнэ эзэмшигчдийг олж тогтоох нь нэлээд ярвигтай боловч хүсэл зориг байвал энэ нь дааж давшгүй хүнд ажил биш гэдгийг тэрбээр онцоллоо.
 
“Сүүлийн ганцхан сарын дотор Арменид болсон үйл явдлын талаар өмнө нь олон хүн боломжгүй зүйл гэж дүгнэж байсан. Бид боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан болохоор одоо авлигатай хийх тэмцлээ ийм маягаар үргэлжлүүлэх хэрэгтэй”гэж Пашинян хэлсэн байна.
 
Б.Адъяахүү   
 









Холбоотой мэдээ