top banner

Монгол Улс ОУХБ-ын гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байна


2018-05-24 13:36:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын гишүүнээр элссэний 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг угтан зохион байгуулж буй арга хэмжээний талаар өнөөдөр ХНХ-ын сайд С.Чинзориг, ОУХБ-ын Монгол, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье Мюлдер болон МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны удирдлагууд мэдээлэл хийв.
Хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ОУХБ үүсэн байгуулагдаад эдүгээ 100 жил болж буй юм. Тус байгууллага хөдөлмөрийн стандарт тогтоох, хяналт тавих үүрэгтэй Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн НҮБ-ын цор ганц гурван талт байгууллага юм. Одоогоор 187 гишүүн оронтой, дэлхий нийтэд 45 товчоо, бүс нутгийн 5 товчтоотой үйл ажиллагаа явуулж байгаа аж. Монгол Улс ОУХБ-т 1968 оны энэ өдөр элсэн орсон бөгөөд 8 суурь конвенци, бусад 20 конвенцийг хэрэгжүүлж байгаа гэдгийг хатагтай Клэр Куртье Мюлдер дурьдлаа. Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд манай байгууллага Монгол Улсын Засгийн газартай хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, нийгмийн халамжийн хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах болно” гэлээ.
 
50 жилийн ойн хүрээнд иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийг хамгааллыг сайжруулах, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг УИХ-аар батлуулах, Нийгмийн халамжийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллийнхээ эхэнд онцлов.

Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх бодлого баримтлан ажиллаж байгааг сайд дурьдаад, “Өчигдөр буюу энэ сарын 23-нд Сангийн сайд болон ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж, хөрөнгө , санхүүгийн нөөц бололцоог тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2018-2020 онд нэмэх боломж, бололцоог бүрдүүлэх болно” гэлээ.

МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэх шуурхай ажлын хэсэг байгуулсан. Тиймээс төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэх зорилго бүхий ажил хаялтын өмнөх суулт ес хоног үргэлжилж, өчигдөр зогссон. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол хүний ажлын байрыг тогтвортой, баталгаатай байлгах, амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлд Засгийн газар, МҮЭХ, ОУХБ нягт хамтран ажиллах болно” хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд