top banner

Сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан асрамжийн газар байгуулахыг зөвлөв


2018-05-24 16:06:02
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүд найм дахь чуулганаа “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” сэдвийн дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 27 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн тус эвсэл жил бүр тодорхой сэдвийн хүрээнд өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, иргэд, олон нийтийн байр суурийг нэгтгэн бодлого тодорхойлогчдод уриалга хүргүүлдэг байна.
 
Эхний өдөр боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах асуудлын хүрээнд төрийн байгууллага, ХБИ, эцэг, эхчүүдийн төлөөлөл,  багш нар хэлэлцүүлэг өрнүүлэв. Тэгш хамруулах боловсролын өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар ХҮЭК-ын Ажлын албаны дарга Ч. Алтангэрэл хэлэхдээ ХЭҮК-ын илтгэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах талаар “Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагууд бүгд Улаанбаатарт төвлөрсөн байдаг нь асуудал үүсгэдэг. Иргэд, эцэг эхчүүдээс өргөдөл, гомдол манай комисст ирсний дагуу бид хяналт шалгалт хийдэг. Тухайлбал, 2014 онд тусгай сургуулийн хүүхдүүдээр урлагийн тоглолт хийлгэж, уртасгасан цагаар ажиллуулдаг зөрчил гарсныг илрүүлж, тухайн үед нь холбогдох төрийн байгууллагад анхааруулж, чадавхжуулах сургалт зохион байгуулсан. Үүнээс гадна ХБИ, хүүхдүүдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Мөн сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан тусгайлсан асрамжийн газар байгуулах, энэ төрлийн үйлчилгээ Монгол Улсад дутагдалтай байгаа. Төрийн байгууллагуудын уялдаа, холбоо, төсөв, санхүүгээс хамаараад энэ асуудлыг бид шийдэж чадахгүй байгаа” гэж онцлов.


“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн хүрээнд тусгаарласан ийм байгууламжаа тарааж, тайлангаа ирүүлэх олон улсын хүний эрхийн байгууллагаас манай Загсийн газарт зөвлөмж өгсөн. Улсын асрамжид очсон хэвтрийн үйлчлүүлэгчийн сүүж долоо хонолгүй цоордог. Хэрэв ийм үйлчилгээ үзүүлж байгаа бол асрах үйлчилгээгээ сайжруулах ёстой” гэж Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн С. Сэлэнгэ байр сууриа илэрхийлэв.
 
Чуулган маргааш үргэлжилж, насан туршийн боловсрол, дээд боловсролын нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэх аж.
 
А. Алимаа

Монгол брэнд