top banner

Төв талбайд зохиолч уншигчдын "Хүссэнээрээ уншицгаая" уриатай номын баяр болж байна


2018-05-25 15:25:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яг одоо Сүхбаатарын талбайд Хүссэнээрээ уншицгаая” уриатай номын баяр болж байна. Монголын утга зохиолын төлөөлөгчид төв талбайд цуглаж өөрсдийн уран бүтээлээ хямдралтай үнээр уншигчдад борлуулах, шинэ ном бүтээлээ дэлгэн танилцуулж, хуучны ховор содон ном олж авах, номын ертөнцөд гарч буй шинэ мэдээ, мэдээллээ солилцох олон нийтэд хүргэх гүүр болдгоороо энэхүү баярын ач холбогдол оршино. 23 дахь удаагаа болж буй номын баярын үйл ажиллагааны дэмжигчээр "ЁкозунаНэт" ХХК, Монгол Кино Нэгтгэл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ажиллаж байна.



МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг хэлэхдээ, “Энэ өдөр Монголын номонд хайртай уншигч олон түмэн, ном бүтээгчид, орчуулагчид, зохиолчид, хэвлэн нийтлэгчдийн уулзвар болсон хамгийн том баяр болдгоороо бидний хувьд үнэ цэнэтэй чухал үйл явдал. Номын цагаан буян дагасан сэтгэлийн цагаан сэжмээр хоёр өдрийн турш хамтдаа аялахыг та бүгдээс уриалж байна. Жилээс жилд ном соёлын хүрээ улам тэлж, номын орон болж байгаад баяртай байна” гэв.
 
Ном сонирхогчдын хүсэн хүлээдэг хаврын номын баярт энэ жил шинээр орчуулгын газар, залуу зохиолчид нэгджээ. Энэ удаагийн номын баярт гадаадын зочид оролцож амжсангүй. Учир нь Засгийн газрын тогтоолын дагуу ХХААХҮЯ-ны өдөрлөгтэй холбоотой Нийслэлийн ЗДТГ-аас талбайн зөвшөөрөл олгохгүй номын баяр товлосон хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй, нэлээд хугацаа алдсан гэдгийг “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Болор тодотгов.
 
Номын баярт олонд танигдсан “Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, “Болор судар” зэрэг 100 гаруй хэвлэлийн газрын асраас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид оролцож, ном хэвлэлээ 5-70 хүртэл хувь хямдруулсанд иргэд сайшаалтай байна. Хоёр жил эрүүл мэндийн шалтгааны улмаас баяртаа оролцож чадаагүй байсан Ардын уран зохиолч П.Бадарч, саяхан Франц улсын соёлыг түгээсний төлөө төрийн дээд шагнал Хүндэт Лэгионы одонгоор саяхан шагнуулсан нэрт орчуулагч Т.Төмөрхүлэг, СГЗ Г.Аким, нэрт орчуулагч Ж. Нэргүй, Д. Болдбаатар, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, сэтгүүлч судлаач Ч.Эрдэнэ, зохиолч Б.Шүүдэрцэцэг болон залуу зохиолчид шинэ бүтээлтэйгээ уншигчидтайгаа уулзаж байв.
 
Зохиолч Б.Сарантуяа хэлэхдээ, “Номын баярт оролцоод 10-аад жил болж байна. Улаанбаатарчуудаа номонд дурлуулах гэж зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчидтэй нэгдэн номын баярыг жилд 2 удаа зохион байгуулдаг. Ингэж уйгагүй явсны хүчинд өнөөдөр хүмүүс номын үнэ цэнийг мэдэрдэг болж байгаад баяртай байна. Настан буурлууд маань үр хүүхдүүдээ дагуулан зориод ирдэг болжээ. Энэ удаагийн номын баяраар “Сайн Бат хаан”, “Самар хатан”, “Сорхугтани хатан” зохиолоо 25 хувийн хямдралтай уншигчиддаа бэлэг барьж байна.
 
Зохиолч Б.Шүүдэрцэцэг, “Одоогоос 10-аад жилийн өмнө “Өргөө-2” кино театрын нэг давхарт анх номын баярт оролцож байсан. Тухайн үед 20-иод байгууллага л ордог байлаа. Өнөөдөр 200 гаруй байгууллага, зохиолч, орчуулагч, хэвлэлийн компани, хэвлэн нийтлэгч гээд ном соёлыг бүтээгчид өөрсдийгөө сурталчилдаг үндэсний хэмжээний баяр болжээ. Энэ баяраар анх удаа уншигчидтай уулзаж буй Жейн Эйр зохиолчийн "Саргасогийн уудам тэнгис" романыг уншигчдад 20 хувийн хямдралтай өргөн барьж байна. "Times" cэтгүүлээс зарласан англи хэлтний 100 шилдэг романы нэг, Шинэ үеийн номын сангийн заавал унших 100 номын нэгийг “Шүүдэр продакшн” ийнхүү монгол хэлээр хэвлэн, уншигчдадаа хүргэж байна. Мөн Эх дагины намтар цадиг, наймдугаар Богд Жибзундамба тэргүүтэн эх орончдын түүхийг хүүрнэсэн “Хүйлэн огторгуйн заадас” роман, хүүхдүүдэд зориулсан “Хотулун гүнж” зурагт номоо борлуулж байна” гэв. 
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн О.Нармандахын хувьд номын баярыг сонирхох зорилготой ирсэн. Хүндэлж явдаг зохиолчийнхоо номыг гарын үсэгтэй дээрээс нь хямдралтай авсандаа талархаж байна. Харин Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц.Энхмаа, Ж.Золбаяр буюу Амайгийн “Монгол бадарчин:Амьдрал сайхан шүү” номыг 50 хувийн хямд үнээр авч зохиолчийн эмчилгээнд хувь нэмэр орууллаа.  
Номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг хэвлэмэл бүтээлүүд зурагт самбар, уран бүтээлчдийн ном товхимолоо танилцуулж байна. 


Тус агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм. Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж, ажиллуулан нийтийн хүртээл болгож байна.

Хоёр өдөр үргэлжлэх  энэхүү баярт хүрэлцэн ирснээр номонд шимтэгч та бүхэн зохиогчтой нь нүүр тулан уулзаж тэдний гарын үсгийг авах, хамт зургаа татуулах боломжтой юм.


 

 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд