top banner

Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцов


2018-05-25 15:55:44
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр ШУА-ийн байранд дээр зочилж, Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар  эрдэмтэн судлаачидтай санал солилцлоо.

Тэрбээр,  "Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх, гурван сая хүнийг хэрхэн хангалуун, аз жаргалтай амьдруулах, манай улсад тохирсон хөгжлийн оновчтой гарц нь юу байх зэрэг шийдэл шаардсан асуудал бий. Хөгжил дэвшлийн цөм  нь Монгол хүн байх нь улам бүр тодорхой болж байна. Төрд ажиллах боловсон хүчнийг бэлдэх, баялаг бүтээх ирээдүйн үйлдвэрийн мастер-эздийг төрүүлэх, мэргэшсэн,  ажилсаг монголчуудыг  бий болгох чиглэлээр   өргөн хүрээтэй, далайцтай бодлого хэрэгжүүлэх нь  Монголын төрийн үүрэг. Энэ бүгдийн үндэс нь ажилсаг, оюунлаг  монгол хүн  байх тул бүх монгол хүн ажилсаг байгаасай. Одооноос ярьж, хэрэгжүүлээд эхэлбэл, 20-30 жилийн дараа “Ажилсаг монгол” гэдэг брэнд бий болох болов уу. Хоёр том хөршийн дунд амьдарч байгаа бид ажилсаг л байхгүй бол дээшээ гарч ирэхгүй гэдэг үүднээс  “Ажилсаг монгол”  хөтөлбөрийг санаачлан,  хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрдэмтэд та бүхний санал бодол чухал”  гэдгийг хэллээ.  
 
Уулзалтад оролцсон эрдэмтэд  “Улс орны хөгжлийн зам гацаатай байна. Тиймээс гарцаагүй шинэчлэл хийх цаг болсон.  Төрийн албаны залгамж халаа үгүй болж, хээл хахууль газар авлаа. Монголын нэр хүнд дэлхийд унаж, Монголчуудад итгэхээ больж эхэллээ. Энэ бүгдийг засахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй” гэдгийг онцолж байв.  Мөн төр засаг эрдэмтэддээ итгэдэггүй хэвээрээ байна. 2016 оны сонгуулиар  МАН шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмэгдүүлнэ гэж гарч ирсэн. Одоо 2 жил өнгөрөөд байхад 5 хувь ч нэмээгүй байгааг гишүүний анхааралд хүргэв. 


Монгол брэнд