top banner

Цагдаагийн газрын тамирчид анх удаа аймгийн хөлбөмбөгийн аваргын цомыг хүртэв


2018-05-28 16:14:04
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг орон нутагтаа хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулж, түүгээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын багаар хамтран ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий аймгийн аварга шалгаруулах /ААШ/ насанд хүрэгчдийн талбайн хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Аймгийн Цагдаагийн газрын хамт олон анх удаа хөлбөмбөгийн аварга багаар шалгарч, цомын эзэд болов.

“Аймгийн Цагдаагийн газрын зүгээс алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор спортын тэмцээн уралдааныг сар бүр зохион байгуулдаг. Үүний үр дүнд аймаг орон нутагт зохион байгуулагдаж буй спортын уралдаан тэмцээнүүдэд тус хамт олон тогтмол амжилттай оролцох болсон. Энэ удаагийн шагнал ч мөн үүний үр дүн, нөгөө талаар үнэхээр нэг баг хамт олон гэдгийг батлан харуулсан үйл явдал боллоо. Хөлбөмбөгийн аваргын цомыг анх удаа байгууллагадаа авчирч чадсанд баяртай байна.” гэдгийг ЦГ-ын удирдлагууд шагнал гардах үеэрээ хэлсэн юм.

Удаах байруудад Зэсэгт хүчний 338 дугаар анги, Дөрвөлж ОНӨҮГ-ын баг тамирчид шалгарчээ.

“Тэмцээн хоёр өдрийн турш маш өрсөлдөөнтэй үргэлжилсэн. Тэмцээнд оролцогч баг тамирчдын ур чадвар, зохион байгуулалтаас хөлбөмбөгийн спортын хөгжил энэ аймагт ямар түвшинд явж байгааг харж болно. Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спортыг сонгох, түүгээр хичээллэх хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн тоо нэмэгдэж байна. Аймаг өөрийн гэсэн стандартын хөлбөмбөгийн талбайтай болсон нь үүнд маш их нөлөөлж байгаа. Ямар нэг тэмцээн уралдаан зохион явуулахад ч оролцогчдын сэтгэл ханамж үнэхээр өндөр байх болсон. Үүнд бид их баяртай байгаа.” гэж хөлбөмбөгийн дасгалжуулагч багш, БТСГ-ын мэргэжилтэн Б.Өсөхбаяр ярилаа.

Тэмцээн Баруун-Урт сумын хөлбөмбөгийн төв талбайд хоёр өдрийн турш үргэлжилсэн юм. Нэг баг 15 тоглогч, нэг дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тэмцээнд нийт есөн багийн 130 гаруй тамирчин оролцсон байна.
Т.Одончимэг

Монгол брэнд