Ж.Одгарьд: Монголд эдийн засгийн бус, ёс суртахууны хямрал нүүрлэсэн

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2018-05-29 09:49:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай уулзаж ярилцав.

-Бурхан багшийн их дүйчэн өдрийн утга учир болон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхэн уламжлалын талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Бурхан багш бидний амьдарч буй энэ цаг үеэс 2500 гаруй жилийн тэртээ Энэтхэг оронд эхээс мэндэлж, бурханы хутгийг олох ёсыг үзүүлж, сургаал номлолоо гурвантаа айлдсан гэдэг. Товчхондоо 35 наснаас 81 нас сүүдэр хүртэл ертөнцийн зовлон бэрхшээлээс гэтлэх номлол сургаалаа дэлгэрэнгүй айлдсан ачтан хэмээн бурхан багшийн шавь нар, сүсэгтэн олон хүндэтгэж ирсэн. Өнөө цагт дэлхийн улс орнууд, ялангуяа НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1997 оны 54 дүгээр тогтоолоор Бурхан багшийн хүн төрөлхтөний оюун санаанд оруулсан болон оруулсаар байгаа хүнлэг энэрэнгүй сургаалыг хүндэтгэн үзэж дэлхий нийтээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багш бээр эхийн хэвлийгээс мэндэлсэн, гучин таван сүүдэртээ (насандаа) бурханы хутгийг олох ёсыг үзүүлсэн, наян нэгэн сүүдэртээ (насандаа) нирваан оршиж, мөнх бусын ёсыг үзүүлсэн гурван их үйл явдал тохиодог учир дэлхий нийтээр Бурхан багшийн их дүйчин өдөр хэмээн нэрлэж, тэмдэглэдэг уламжлалтай. Ялангуяа Буддын шашин дэлгэрсэн Азийн ихэнх орнуудад тэмдэглэн өнгөрүүлсээр ирснийг түүхийн хуудаснаас харж болох юм. Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байгаа гол утга учир нь Бурхан багшийн айлдвар сургаалыг илүү их судалж, сурч мэдсэнээр, хувь хүн өөрийн дотоод сэтгэлийг амар амгалан байлгахын зэрэгцээ бусдыг хүндэтгэж өөрийн тойрон хүрээлэл, нийгмийн харилцаанд эерэг хандлагатай байхыг зорьж байгаа болов уу.

Бидний аливаа зовлон бэрхшээл, аз жаргал бидний өөрсдийн сэтгэл хийгээд үйл үйлдэл хоёроос шалтгаална гэж бурхан багш айлдсан байдаг. Бид өөрсдийн сэтгэлээс гарч буй үйл үйлдлийг бусдад хорлолгүй байлгаж, зөвд урвуулж чадвал аз жаргалтай байж чадна. Буддизмд аз жаргалын тухай юу гэж номлосон вэ гэвэл ашдын амар амгалан бол бурханы хутгийг олох буюу дээр дурьдсанчлан сэтгэлээс гарч буй үйл үйлдлийн эрхээс гэтлэх тухай ойлголт юм. Тиймээс бурханы шавь нар ашдын амар амгаланг гол зорилго болгодог. Ер нь бүхий л амьтад ашдын амар амгаланг хүсэмжилдэг ба зовлонг хүсэх нэг ч амьтан байхгүй нь лавтай. Бурхан багшийн их дүйчэи өдөр бол аз жаргалыг хүсэгч хүн бүрийн баярын өдөр юм.  

-Монголчуудын хувьд Бурхан багшийн их дүйчин өдрийг хэдий үеэс эхлэн, хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан вэ?

-Монголд Бурханы шашин Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, эрдэмтэн судлаачид үздэг. Тиймээс энэ цаг үеэс эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн нь дамжиггүй. Жишээлбэл 1954 он буюу социализмын үед Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойг тэмдэглэж байсан түүх байдаг. Энэ нь сүүлийн дэлгэрэлт буюу XVI зууны үеэс бурханы шашин монголын үндсэн шашин байж нийт ард иргэдийн дунд түгэн дэлгэрч, өв соёл зан заншилын салшгүй хэсэг болж, төрийн шашин хэмээн баталгаажуулж байсны үр дүн гэдгийг ойлгож болно.  Ер нь монголчууд бурханы шашныг дэлгэрүүлэхдээ шашны онол, сургаал номлол, түүх гарвалыг нь сайтар судалсны үндсэн дээр дэлгэрүүлсэн байж таарна. Тэгвэл шашин соёлыг судлах явцад уг түүхэн хүний амьдрал үйлсэд гол чухал үйл явдлуудыг анхааралгүй өнгөрөөх гэж байхгүй тул уг өдрийг онцлон тэмдэглэж л байсан болов уу. Түүхийн нугачаанд улс орон доройтон унахад шашин соёл нь мөн доройтдог учир Хүннү гүрний үед анхдугаар дэлгэрэлт гэж үздэг. Их монгол улсын үед  хоёр дахь удаагаа бурханы шашин монгол орнооо дэлгэрсэн. Энэ үед ч эл өдрийг онцгойлон авч үзэж тэмдэглэн өнгөрүүлж байсан нь логикоор бодоход  л болохоор байна.

Тэгвэл 1990 оноос хойш мөн адил энэ үйл ажиллагаа улам дэлгэрэнгүй болж сүүлийн 28 жил бүх нийтийн баяр болгон тэмдэглэдэг болсон явдал нь XXI зууны хүн төрөлхтөний хүнлэг энэрэнгүй нийгмийг бий болгохын төлөө зорьсон зорилготой нийцэж байгаа юм. Тийм учраас дэлхийн олон улстай адил өөр өөрийн онцлог, уламжлалаар тэмдэглэж байна.

Монголчууд бид түүхэн уламжлалаараа эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа гол санаа нь бурхан багшийн айлдсан нандин сургаал номлолыг түгээх, хүн хүнээ хүндэтгэж, энэрч хайрлах сэтгэлтэй байх, оюун санааны өв санг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, таниулан сурталчлах зорилгын хүрээнд төрийн, төрийн бус, шашны байгууллагууд анхаарал хандуулдаг.

-Энэ жилийн Бурхан багшийн их дүйчэн өдрийн үеэр шашин, соёлын ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Жил бүр уламжлал болгон Гандантэгчэнлин хийд болон Бурханы шашны сүм хийд, төрийн бус байгууллагууд хамтран шашин, соёлын арга хэмжээг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор зохион байгуулж байна. Өнөөдрийн нийгэмд хамгийн эрхэм хэрэгцээ бол ёс суртахуун юм. Өдгөө бидний болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлсийн үндэс шалтгаан нь гадна талд бус дотоод сэтгэлд буюу бидний өөрсдийн ёс суртахуун хандлагад байгаа юм. Хэн нэгэн зовлонг бүтээж биднийг зовоож аль эсвэл жаргаагаад байгаа зүйл гэж огтоос байхгүй. Таны үйлдсэн үйлдлийн  үр дагаварт зовлон буюу таагүй байдал, сайн үйл үйлдсэн бол амгалан жаргалан гарч байдаг байна. Харин үйл өөрийн сэтгэлээс гардаг. Тиймээс нийгэмд тулгарч буй бэрхшээл бүхэн бидний сэтгэлээс хамаардаг. Бид өөрсдийн сэтгэлдээ ёс суртахуунтай байх эсвэл, ёс суртахууныг үл эрхэмлэх, үл хүндэтгэдэг байх гэсэн хоёр тал бий. Маш энгийнээр хэлбэл, ёс суртахуунгүй байдлаас болж бэрхшээл бүхэн гардаг. Улс орон хөгжихгүй, ард иргэд ядуу буурай байна, аль эсвэл дэлхийн хөгжингүй улс орнуудаас олон зүйлээр хоцрогдож байна гэдэг. Энэ нь бидэнд ёс суртахуун хэр байгаагаас шалтгаалж байна гэдгийг манай лам нар айлдсаар ирсэн. Эцэстээ ёс суртахуун бол хүнлэг байх, зөв байх тухай ойлголт юм.

Хүнлэг байх, зөв байх, ёс суртхуунлаг байх шаардлага барууны хөгжингүй орнууд, бидний хөгжлийн жишээ болгож ярьдаг Америкт ч ус агаар шиг хэрэгтэй зүйл болж байна гэдгийг НҮБ-Аюулгүйн зөвлөлийн 2018 оны 3 сарын хурал дээр хамгийн чухал асуудал боллоо гэдгийн онцлон тэмдэглэсэн. Гэхдээ эдгээр улс орон биднээс илүү хөгжилтэй, олон зүйлээрээ манлайлж байна гэж бид харж байгаа бол биднээс ёс суртахуун болоод мораль илүү үйлчилж байна гэж миний хувьд ойлгодог. Жишээ нь Ази тивд  Сингапур улс түүчээ болон манлайлж байна. Яг юу нь хөгжлийн шалтгаан болж байна гээд судлаад үзэхээр, цаад чанартаа Сингапурын иргэдийн ёс суртахуунд баригдах, итгэл үнэмшил, үндэсний соёл, шашин нь байна. Хууль тогтоох засаглах тогтолцоо нь илүү боловсронгуй болсон байж болох ч хуулиар зохицуулахгүй зарим зүйлсийг ёс суртахууны тухай ойлголт, шашин соёлоороо дамжуулж нийгмийн харилцааг зохицуулж байна гэдгээ өөрсдөө ч хэлсээр байна. Өнгөрсөн жил Шри ланк улсад Дэлхийн буддистуудын дээд чуулганд оролцож явахдаа Сингапурын шашны тэргүүн, Дэлхийн буддистуудын ерөнхий нарийн бичгийн дарга, Их санваартан Верагода Сарада гуайтай урьдын сайхан ерөөлөөр уулзаж олон улсын хөгжил, шашны асуудлаар санал солилцож билээ тэр хүн хэлэхдээ Сингапурын нийгмийн хөгжилд ёс суртахууны эрхэмлэх байдал буддын шашин нь салшгүй холбоотой, хаана тогтвортой хөгжил байна тэнд ёс суртахуун байна гэж хэлсэн юм. Тэр дээдэс лам нар манай багш нар, Тэргүүн их хамба ламын хэлдэг үгнээс дүгнэхэд манай нийгэмд эдийн засгийн биш, ёс суртахууны хямрал яах аргагүй байна даа гэж боддог.

Эерэг хандлагууд ёс суртахуунаас гарна. Бидний яриад байгаа авилга, хээл хахууль нь ёс суртахууныг орхигдуулснаас болж байна гэж МБШТ Гандантэгчлэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц,  Гандантэгчэнлин хийдийн гавж Д.Нямсамбуу нар олонтаа айлдсан байдаг. Энэ бүхэн уламжлалт шашин соёлоо орхигдуулсанаас болж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Бурхан багш айлдахдаа “Хилэнцийн үйлийг өчүүхэн ч бүү үйлдэж, буяны үйлийг аль чадахаараа хурааж, өөрийн сэтгэлийг номхотго” гэж айлдсан байдаг. Энэ сургаалын гол агуулга бурханы айлдсан бүх сургаал номлолд байдаг.  Хилэнцийн үйлийг өчүүхэн ч бүү үйлдэнэ гэдэг бол ёс суртахуунтай байх талаар өгүүлсэн сургаал юм. Буяныг аль чадахаараа хураах гэдэг нь сайхан сэтгэлийн үүднээс аливаа зүйлд хандах хандлага буюу мөн л ёс суртахуунтай байх талаар сургажээ. Өөрийн сэтгэлийг номхотго гэсэн нь аливаа асуудал бүхний уг шалтгаан нь гадна талд буюу өөр хэн нэгэн бус би өөрөө юм. Тиймээс ёс суртахуунгүй байдлыг Европд “эго” гэж нэрлэдэг бол Азид “би”-д  барих үзэл, хувиа хичээх хэмээн нэрлэдэг. Ёс суртахуунтай хүн бол “би”-г эрхэмлэхгүй. Тийм учраас бурхан багшийн сургаал бол эцэстээ ёс суртахууны сургаал номлол юм. Ийм учраас энэ удаагийн Бурхан багшийн дүйчин өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Бурханы шашинд Монголчуудын зөв хүн байх, аливаа зүйлд ёс суртахуунтай хандах нөөц бололцоо бий. Залуучуудыг хорт зуршлаас ангид байх, дунд насныхан ажилч хөдөлмөрч, шударга байх, төрийн ажилтнууд нь авилга хээл хахуульд автдаггүй, хүн бүр нийтийн эрх ашгийг эрхэмлэж төр улсаа дээдлэх ёс зүйг төлөвшүүлэх явдал нэн шаардлагатай байна.

Төр түмний их шүтээн Мигжэд Жанрайсиг бурханы өмнөх талбайд ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 10 цагт уламжлал ёсоор эхэлнэ. Энэхүү ёслолын арга хэмжээ 21 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ өдрийн өглөөний 05 цагт иргэд, сүсэгтэн олны хүсэлтээр нэг өдрийн  тэгчэн сожин буюу бацаг санваар Жавжэ Одсэр ринбүчи Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өгнө. Үүний дараа 06 цагт Бурхан багшийн ринсрэл болон Бурхан багшийн ойрын шадар шавь Монголжийбуу, Шаарийбуу тэргүүтэй архадуудын ринсрэлийг Жанрайсигийн өмнөх талбайд залж сүсэгтэн олныг мөргүүлэх арга хэмжээ зохион байгуулна. Бурханы ринсрэл гэдгийг дээдэс багш нарын айлдсанаар бурхантай уулзсантай ижил хэмээдэг. Ринсрэл нь лагшинг нь хайлахад гарсан эрдэнэ мэт шүтээн юм. Ингээд 07 цагт Жавжэ Одсэр ринбүчи Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд Монголын зон олон өвчин зовлонгүй, урт настай байхын тухайд Цагаан Дарь-Эхийн Насны авшиг хүртээнэ. Энэхүү номын арга хэмжээнд хэн боловч хүрэлцэн ирж оролцон, даган баясаж, буяныг хураах боломжтой. Ингээд уламжлалт хурал номын зан үйл 08:00 цагт Гандан дуганд эхлэж бүтэн өдрийн түрш Төв Гандантэгчэнлин хийдэд явагдах юм.

-Энэ өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ ямар буяны үйлийг хийвэл зохилтой вэ?

 -Монголчууд зуны эхэн сарыг буяны сар хэмээн цагаан хоол иддэг түүхэн уламжлалтай. Хүрээ хийдүүд ч “Нүн най” тэргүүтэн их бүтээл хурж сарын эхнээс цагаан хоол иддэг лам, сүсэгтэн цөөнгүй байдаг. Энэ уламжлал ч өнөөдрийг хүртэл уламжлагдаж ирснийг бид бэлхэнээ харж байна. Тиймээс зуны тэргүүн сар хэдхэн хоногийн өмнө гарахад залуучууд, дунд насныхан, ахмадууд маш олноороо цагаан хоол идэж, бусдыг уриалан дуудаж байна. Цагаан хоол идэж байгаа нь буяны үйлийг хичээж байгаа хэрэг бөгөөд хамгийн гол амьтны амыг хайрлаж, хамгаалж байгаа хэрэг, турах, царай зүс сайтай байх, эрүүл байх дараагийн зорилго байх ёстой болов уу. Аливаа амьтанд амьнаас нь илүү үнэтэй зүйл гэж байхгүй байх. Би өөрөө амь насандаа хайртай байгаатай адил бусад бүх амьтан аминдаа хайртай тиймээс л амьтны амийг хороохыг тэвчих хэрэгтэй гэж буддын сургаальд сургадаг. Энэ агуулга, түүхэн уламжлалаар зуны тэргүүн сард цагаан хоол иддэг.

Дэлхийн олон орон Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин тухайн орны цаг тооллоос хамаарч тэмдэглэлт өдрүүд нь сарын наана цаана зөрүүтэй байх хэдий боловч зуны тэргүүн сард тэмдэглэж байна. Энэ оны 04 сарын сүүлчээр Энэтхэг, Камбожи, Бирм, Тайланд тэргүүтэй улс орнууд тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол, Төвд, Солонгос, Япон, Хятад тэргүүтэй улсуудад одоо ийнхүү тэмдэглэж байна. Австралид Висак дэй, Америк, Европд Сака дава ч гэдэг юм уу таван тивд үнэхээр дэлгэр тэмдэглэж хамгийн гол нь бурханы айлдсан сургаалыг судлах болж дээ. Энд онцлоход Дэлхийн буддистуудын дээд чуулганд элссэн Африкийн 8 улсад Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд НҮБ-ын гишүүн 193 улс орон өөрсдийн хэмжээнд уг дүйчин өдрийг  тэмдэглэж байна.

-Бурханы шашинтай улс орнуудын хувьд дүйчэн өдрийг аялал жуулчлалын хөтөлбөрт оруулсан байдаг. Манай улсын хувьд “Хүрээ Цам-Даншиг Наадам” шашин, соёлын наадмыг аялал жуулчлалын хөтөлбөрт оруулж амжилттай явагдаж байгаа бол Бурхан багшийн их дүйчин өдрийг мөн адил аялал жуулчлалын хөтөлбөрт оруулах боломжтой юу?

-Монголчууд бид энэ баярын өдрийг аялал жуулчлын хувьд брэнд болгохоор зорин ажиллаж байна. Ингэх нь улс орны хөгжилд ч нэмэртэй л байх болов уу. Мэдээж хэрэг нийгмийг соён гэгээрүүлэх, ёс суртахууны ойлголтыг дээшлүүлэх гээд хэд хэдэн үндсэн зорилго энэ өдрийг тэмдэглэх үндэслэл, шалтгаан болж байгаа ч завсарт нь бид өөрсдийгөө дэлхийд сурталчлах, зөвөөр харуулах, хот орчныхоо хөгжлийг сайжруулах агуулгыг ч алдахгүй байх нь зүйтэй байх. Иймд сүүлийн жилүүдэд нийсэл хоттой хамтран таван тивийн буддын шашинтан болоод бусад шашны хүмүүсийг монголд хүрэлцэн ирэх шалтгаан болохуйц тийм арга хэмжээ болгоё гэж зорьж байгаа. Солонгос тэргүүтэй улс орнууд олон сая хүнийг бурхан багшийн дүйчин өдрөөр цуглааж үндэсний хэмжээний аялал жуулчлал татах өдөр болгож чадаж байна бид ч гэсэн тийм байх боломжтой.  Манай улсын цаг уурын  нөхцлөөс шалтгаалж жуулчлалын улирал нь зуны хэдхэн сар байдаг.  Харин энэ үеэр тэдгээр жуулчдад хүргэх соёлын контент хомс байгаа учраас энэ өдрийг бурханы шашинт бусад орнуудтай адил менежмент хийж олон сая жуулчдыг хүлээн авах чиглэлээр ажиллаж байна. 2006 оноос хойш Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтарч уг дүйчин өдрийг тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ