Төрийн албаны тухай хуулийн талаар албан хаагчдад мэдээлэл өгч байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-05-29 12:31:44
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлтүүдийн талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх, тэдний санал бодлыг сонсох зорилгоор гурав хоног ажиллах юм.

Ажлын хэсгийнхэн эхний өдөр төрийн албан хаагч, удирдах ажилтнуудын төлөөлөлд мэдээлэл хийж байна. Харин маргааш буюу 05 дугаар сарын 30-ны өдөр болох төрийн албан хаагчийн сонгнон шалгаруулалтад хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах юм байна.

“Маргааш болох сонгон шалгаруулалтад төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг хамт оролцохоороо онцлог байгаа. Ингэснээр Сүхбаатар аймагт төрийн албаны сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг, төрийн албаны салбар зөвлөл ажлаа хэрхэн хийж байгааг хянаж шалгах юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалт таван ажлын байран дээр явагдана. Одоогоор бүртгэл, бэлтгэлийн ажлууд хангагдаад байна. Төрийн албаны салбар зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан ч манай аймгийн хувьд одоогоор албан ёсоор батлагдсан найман гишүүнтэй ажиллаж байна. Салбар зөвлөлийн ажил болоод төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, шүүмжлэл одоогоор ирээгүй байна.” гэж Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Энхцэцэг хэллээ.

Төрийн албан хаагчийн ёс зүй, шагнал урамшуулал, цалин тэтгэвэртэй холбоотой өргөдөл гомдол өнгөрөгч онд аймгийн хэмжээнд зургаа ирсэнийг зохих хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Харин 2018 оны эхний таван сарын байдлаар ямар нэгэн өргөдөл гомдол ирээгүй талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ө.Баясалсайхан мэдээллээ.
Т.Одончимэг
 
 
Холбоотой мэдээ