Оросын “Давос” ба эдийн засгийн итгэлцэл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-05-29 15:21:28
Петербургийн олон улсын эдийн засгийн 22 дахь удаагийн чуулга уулзалтын /ПМЭФ/ үеэр 2 их наяд 365 тэрбум рублийн үнийн дүн бүхий 550 гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Антон Кобяков дурдлаа. Энэ тоонд “арилжааны нууцлал” бүхий  гэрээ хэлцлүүдийн мөнгөн дүнг оруулж тооцоогүй байна.
 
Уг форум “Итгэлцлийн эдийн засгийг бий болгох нь” уриан дор Оросын хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хотноо 24-26-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрснийг дээрх тоон үзүүлэлтүүд харуулж байна. Уг арга хэмжээнд дэлхийн 143 орны 17 мянга гаруй төлөөлөгч оролцсон нь “ОХУ бол боломж бололцоог бий болгож чадсан орон гэдгийг харууллаа” гэж А.Кобяков дүгнэжээ. Энэ удаад Африкийн улс орнуудын засгийн газрын түвшний төлөөлөгчид анх удаагаа олноороо Петербургт ирснийг ажиглагчид онцоллоо.
 
Чуулганы үйл ажиллагааг 4100 гаруй сэтгүүлч сурвалжилсан нь мөн л дээд амжилт гэж болохоор тоон үзүүлэлт юм.
 
Нэвтэрхий толь бичигт дурдсанаар, 2015 оноос хойш оролцогчдын тоо 10 мянгаас давж эхэлсэн байна. 2014 онд Украинтай асуудлаас үүдэн АНУ болон Европын BoeingInternational PaperGoldman SachsConocoPhillipsSiemens зэрэг том компаниудын захирлууд Петербургт ирээгүй аж. 
 
Ер нь бол, аливаа форум хэр үр дүнтэй болсон бэ гэдгийг түүнд оролцогч компаниудын хооронд хийгдсэн гэрээ хэлцлүүдийн үнийн дүнгээр тодорхойлдог билээ. Харьцуулахад, 2016 оны ПМЭФ-ийн үеэр 1 их наяд 46 тэрбум рублийн, 2017 онд 1 их наяд 810 тэрбум рублийн үнийн дүн бүхий гэрээ хэлцлүүдийг байгуулж байжээ.
 
Жилээс жилд өргөжсөөр буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон гадаадын бизнес эрхлэгчдээс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй нь АНУ-ын төлөөлөгчид /500 гаруй/ байсан бол япончууд удаалж, францчууд гуравдугаарт оржээ. Форумд оролцогчид цаг тутамд 2000 уулзалт хэлэлцээ хийж байсан гэх статистик тоо гарсан нь Петербургт ажил хэрэгч уур амьсгал буцалж байсныг илтгэнэ.  
 
Чуулга уулзалтын эхний өдөр гэхэд Роснефть болон Внешэкономбанк, ВЭБ-лизинг компаниуд 400 тэрбум рублийн гэрээ байгуулжээ. Түүнчлэн “Русатом” ба Schneider Electric, Сбербанк ба Japan Bank for International Cooperation, “МегаФон” ба Nokiа, “МегаФон” ба “Газпром”, Сбербанк ба Huawei зэрэг компаниудын хооронд томоохон хэлцлүүд хийгдсэн байна.
Казахстан улс Оросоос 8 нэгж Су-30СМ сөнөөгч онгоц худалдан авахаар тохиролцсоныг тусад нь дурдах нь зүйтэй.

Санкт-Петербургийн захирагч Г.Полтавченко форумын зардал хэдэн рубль болсон талаар тодорхой тоо хэлээгүй боловч дээрх үнийн дүнг харвал Петербургийн форумд оруулсан хөрөнгөө зохион байгуулагчид хангалттай хэмжээгээр нөхөж авсан нь илт байна.
 
Нөгөөтэйгүүр, энэ удаагийн Оросын “Давос”-ын онцлог бол түүний хүрээнд Олон улсын залуучуудын эдийн засгийн чуулга уулзалтыг анх удаагаа зохион байгуулсан явдал юм. Форумын үеэр 20-30 насны залуус өөрсдийн шинэлэг санаа, бүтээлүүдийг танилцуулж, мэтгэлцээнд оролцжээ.
 
Ганц өгүүлбэрээр товчхон дүгнэвэл, чуулганд оролцогчид гурван өдрийн хугацаанд “дэлхийн эдийн засагт итгэлцлийг хэрхэн эргүүлэн авчрах вэ” гэсэн гол асуудлыг хэлэлцсэнээс гадна их наядаар хэмжигдэх үнийн дүн бүхий олон зуун гэрээ хэлцэл байгуулжээ. 
 
В.Путин: Худалдаанд энх тайван байдал хэрэгтэй
 
ПМЭФ-2018-ын хүндтэй зочид нь Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын дэд дарга Ван Цишань, ОУВС-ын захирал Кристин Лагард нар байлаа.
 
Орос улсын төрийн тэргүүн үг хэлэхдээ “олон улсын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааны тогтолцоо нь хүнд сорилттой тулгарч буй энэ үед ийм яриа мэтгэлцээн, албан ёсны бус яриа хэлэлцээ хийж байх нь маш чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
 
“Саяхныг хүртэл дэлхийн эдийн засгийн үндэс суурь нь хоёр гол зарчим дээр тогтож байлаа. Нэгдүгээрт, энэ бол бизнес эрхлэлт, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдал бөгөөд түүнийг тодорхой дүрэм журмаар зохицуулахаар тусгасан.  Хоёрдугаарт, энэхүү дүрэм журам нь тогтвортой бөгөөд түүнийг урьдчилан таамаглах боломжтой байдаг байсан. Гэтэл өнөөдөр энэхүү үндэс суурь эвдэгдэж эхэлж байгааг” Путин сануулсан байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэх шалтаг шалтгаанаар улс орнууд протекционист /гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх/ арга хэмжээ авч, худалдаанд хязгаарлалт тогтоож байна.  

“Дэлхий даяар ийм үл итгэлцэл бий болох аваас энэ нь дэлхийн зах зээлийг “натурал аж ахуй” болгон хувиргана. Дэлхийн зах зээлийн бүх тоглогчид бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн тийм ил тод, хууль ёсны, нэгдсэн дүрэм журам үйлчлэх ёстой” гэдгийг Путин сануулан дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “бидэнд өнөөдөр худалдааны дайн хэрэггүй, худалдааны эвлэрэл ч хэрэггүй, харин худалдааны энх тайван байдал хэрэгтэй болжээ. Бие биенээ хүндэтгэх хэрэгтэй. Орос улс худалдааг чөлөөтэй байлгахын төлөө, дэлхий дахины интеграчлалын төлөө, чөлөөтэй яриа хэлэлцээ хийхийн төлөө байна, хөгжлийн замыг хамтдаа зорихыг хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэв.  


 
Үүнтэй холбогдуулан Блүүмбэрг агентлаг “хүйтэн дайнаас хойш бий болсон хэлхээ холбоог Д.Трамп тасалж байх хооронд В.Путин олон улсын тавцан дахь байр сууриа бэхжүүлсээр байна” хэмээн дүгнэжээ.

Францын Ерөнхийлөгч үг хэлэхдээ В.Путиний дэвшүүлсэн санаачилгуудыг дэмжээд эдийн засгийн хамтын ажиллагааны тал дээр илүү уян хатан, илүү зоримог байхыг уриалав. Тэрбээр “Дайн ба энх” роман болон Солженицыны зохиолоос хэд хэдэн удаа иш татаад, жүдод байдаг шиг уян хатан байхыг уриалснаараа оролцогчдыг гайхшруулж байлаа. 

Шинзо Абэгийн хувьд даруухан боловч товч тодорхой ярилаа. Тэрбээр Оросын шингэрүүлсэн байгалийн хийг Япон тэнгисээр дамжуулан тээвэрлэж Азийн зах зээлд гаргахын тулд тээврийн дэд бүтцийг байгуулах төсөлд Япон улс оролцох сонирхолтой байгааг илэрхийлэв. Үүний сацуу Ш.Абэ Курилын арлуудын асуудлаар шууд ярьсангүй, гэхдээ уг сэдвийг нэлээд овжин байдлаар хөндсөн байна.    

Хятад улсын дэд дарга Ван Цишань “эдийн засгийн итгэлцэл”-ийн талаар голлон ярилаа. Итгэлцлийг бий болгохын тулд бие биенийгээр хүндэтгэх хэрэгтэй гэдгийг тэрбээр чухалчлаад “хоригийн бороохой”-г хатуу шүүмжлэв. Хоригийн бодлого нь дэлхий дахины эдийн засагт аюул учруулна гэдгийг тэрбээр анхаарууллаа. Ван Цишань Петербургийн чуулга уулзалтад оролцсон нь олон улсын тавцанд томоохон өөрчлөлтүүд гарч буй энэ үед Хятад улсын зүгээс Орост улс төрийн дэмжлэг үзүүлж байгааг харууллаа гэж Хятадын удирдлагын үзэл бодол, байр суурийг илэрхийлдэг “Хуаньцю шибао” сонинд дүгнэн бичсэн байна. Ван Цишаний энэхүү айлчлал нь удахгүй Хятадын Циндао хотод болох ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путин-Ши Жинпинь нар уулзахын өмнөх бэлтгэл гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс нь сүүлийн 8 жилийн турш Оросын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд 2017 онд хоёр улсын худалдааны эргэлт 84 тэрбум долларт хүрчээ. 
 
ОУВС-ын захирал Кристин Лагард худалдаа, эдийн засгийн дүрэм журам, ил тод байдал аюулд өртөж байгаа гэдэг дээр В.Путинтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, Орос улс бий болсон хүндрэлийг амжилттай даван туулж байгааг онцлов. Дэлхий дахины интеграцийн үйл явцад илүү гүнзгий нэгдэж, “түүхий эдийн загвар”-аасаа татгалзах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсролын салбартаа илүү ихээр хөрөнгө оруулахыг ОУВС-ын тэргүүн оросуудад зөвлөж, уриаллаа. Итгэлцэл үгүй болсоор байгаа, экологийн хямрал болон глобал асуудлуудыг шийдэхэд олон талт хандлага үгүйлэгдэж буйг К.Лагард  дурдсан байна.
 
Орос улсад татвар нэмэгдэхгүй
 
Энд нэг зүйлийг анзаарахад, Монгол Улсад хамаатай байж болох шийдвэрийг Петербургт гаргажээ. Тодруулбал, Оросын нефтийн компаниуд болон Сангийн яамны хооронд удаан үргэлжилсэн газрын тосонд ногдуулах татварын тухай маргаан төгсгөл болсон байна. Тодорхой хэлбэл, 2024 он гэхэд нефтийн экспортын татварыг тэглэх ба үүнтэй тэнцүү хэмжээгээр ашигт малтмалын олборлолтын татвар өсөх аж. Нефть боловсруулалтыг дэмжих, бензиний үнийг өсгөхгүйн тулд Оросын Сангийн яам компаниудад хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 
Түүнээс гадна, ПЭМФ-2018-ын үеэр Оросын Засгийн газрын шадар сайд А.Силуанов “ойрын 6 жилийн хугацаанд татвар нэмэгдэхгүй” гэсэн бол Төв банкны захирал Э.Набиуллина “нийгмийн халамжийн хөтөлбөрүүдээс үүдэн инфляци өслөө ч гэсэн Төв банк бодлогын хүүгээ бууруулсаар байх болно” гэж мэдэгджээ.  

Б.Адъяахүү
 
Эх сурвалжууд: pravda.ru, vedomosti.ru 
Холбоотой мэдээ