top banner

Төслийн хүрээнд 1180 нөхөрлөл байгуулж, 26 мянган хүн ой модоо хамгаалахад оролцжээ


2018-05-29 15:33:47
Зураг
   
Улаанбаатар /МОНЦАМЭ/.БОАЖЯ-ны захиалгаар манай улсад “Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжүүлээд байна.
Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, тэднийг зөвхөн ой хамгаалж зүй зохистой ашиглуулахаас гадна нөхөрлөлүүдийн хэмжээнд модон бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэл явуулж амьжиргаагаа дээшлүүлэх, техник, технологийн дэвшлээс  суралцаж ажил хөдөлмөрөө явуулах зорилготой дээрх төслийг Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Булган зэрэг ойн бүсийн аймгуудад хэрэгжүүлснээс гадна Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоныг сонгон авч үлгэр жишээ болгохоор ажиллажээ. Үүний үр дүнд тус тосгонд “Хужирт”, “Царам”, “Баянгол”, “Ирээдүй”, “ДХ Оюу” зэрэг ойн 7 нөхөрлөл байгуулж нөхөрлөлийн гишүүд унасан модоо цэвэрлэх эрхтэй болж, улмаар үмхэрч хатсан модыг түлш болгон уурын зууханд нийлүүлэх, ёзоор модоор дээврийн хавтан хийх, ойгоос жимс жимсгэнэ түүж боловсруулан чанамал хийж борлуулах зэргээр ажиллан хоршооны хэлбэрт шилжин нэгдэж чаджээ.
Энэ нь төслийн зүгээс ойн нөхөрлөлийн гишүүдэд байгалийн дагалдах баялгийг ашиглах, мод бэлтгэх, технологид суралцах  сургалт явуулсны үр дүн юм гэж төслийн Үндэсний зөвлөх Л.Эрдэнэтөгс хэлж байв.
Тэрээр, өнөөдөр ойн нөхөрлөлүүд ой хамгаалах тал дээр сайн ажиллаж байгаа ч ойгоос хүртэх ашиг шим, амьжиргаагаа дээшлүүлэхэд дутагдалтай байгаа учир цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байв. “Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төсөл нь анх манай улсад хууль бус, хулгайн мод бэлтгэлийг таслан зогсоох, ойг бүртгэлтэй байлган харж хандахад нутгийн иргэдийг оролцуулсан сайн дурын нөхөрлөл байгуулан ажиллуулж ойгоо хамгаалж ашиглах нь хамгийн үр дүнтэй арга зам юм гэдэг үүднээс 2015 оноос хэрэгжүүлж энэ онд дуусч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд 1180 нөхөрлөл байгуулж, 26 мянган хүнийг хамраад байна.
Ойн нөхөрлөлүүд нь хангай газар гэхэд уулын ам аманд нутагшиж буй айл өрхүүд ойгоо харж хамгаалах чиглэлээр нэгдэн нийлж энэ тухайгаа сум, орон нутгийнхаа удирдлагад асуудлаа тавьж шийддэг, дороосоо иргэдийн сайн дурын санал санаачлагын үндсэн дээр байгуулагддаг.Цаашдаа нөхөрлөлүүдийг чадавхжуулах тал дээр анхаарч МСҮТ-үүдэд мэргэжлийн ойн боловсон хүчин бэлтгэх ажлыг төр, засгийн зүгээс анхаарч ажиллах саналыг ойн нөхөрлөлийн гишүүд А.Куляш, ахлагч Р.Хулганаа нар хэлж байв.
Тодруулга: Монгол Улсын ойтой талбай 10.8 сая га газрыг эзэлдэг бөгөөд ой бүхий газар нутаг нь нүүрстөрөгчийн түвшинг багасгах, хөрсийг тогтворжуулах, нэн ховор төрөл зүйлийн амьтдын амьдрах орчин болдог зэрэг чухал ач холбогдолтой боловч манай улсад жил бүр 60 мянган га талбай бүхий ой устаж ойн бүрхүүл буурсаар байгааг эрдмэтэн судлаачид тэмдэглэсээр байна. 
 
Б.Болд
 


Монгол брэнд