top banner

Дарьганга суманд Ногоон дарь эх бурханы хөшөөг залжээ


2018-05-30 18:25:27
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Нэгдүгээр арван жилийн сургуулийг 1967 онд төгссөн 14 дүгээр төгсөлтийнхний санаачлагаар Дарьганга суман дахь хаан, хатан хүн чулуудын хашаанд Ногоон дарь эх бурханы чулуун хөшөөг залжээ. Тус газрыг бурхант цэцэрлэг болгохоор төлөвлөсөн бөгөөд 400 мод тарьж, гэрэлтүүлгийг мөн хийсэн байна.

Бурхант хөшөөний нээлтийг энэ сарын 26-ны өдөр болсон Алтан дарь овооны бага тахилгын үеэр хийжээ. Цаашид тохижилтын ажлууд хийх аж.

Дарьгангачууд жил бүр Алтан дарь овооны бага тахилгыг хийдэг. Уул ус, байгаль дэлхийгээ аргадаж, ирээдүйгээ  даатгадаг тус тахилга нь тэдний уламжлалт арга хэмжээний нэг юм.

“Энэ жилийн бага тахилга урьд жилүүдийн адил өргөн дэлгэр болж өнгөрсөн. Дарьганга хошууны бүх сумдаас иргэд зорин ирж, Алтан дарь овоогоо ёслол төгөлдөр тахилаа. Тахилгын өдөр шашин соёлын зан үйл, хүчит бөхийн барилдаан болон хүндэтгэлийн арга хэмжээнүүд болсон. Хурдан морины уралдаан ирэх сарын эхээр болно. Иргэд маань бага тахилгыг их тахилгатай андуурах тохиолдол гарсан. Энэ бол бидний уламжлалт ажил. Төрийн их тахилга тусдаа болдогоороо болно. Бага тахилгын үеэр Ногоон дарь эх бурханы хөшөөг залсан нь онцлог байсан төдийгүй сум орон нутгийн ажил үйлс, ард иргэдийн сайн сайхны буяныг даасан сайхан ажил болсон ” гэж Дарьганга сумын Засаг дарга Ч.Ганхуяг ярилаа.
Т.Одончимэг

Монгол брэнд