top banner

Хогийн саванд авчирч хийсэн хогных нь тоогоор бөмбөлөг бэлэглэнэ


2018-05-31 15:31:35
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярыг энэ жил хоггүй тэмдэглэх уриалгыг "Сийлэнгоо" группын бүсгүйчүүд гаргаж, улмаар хогийн саванд хийсэн хогны тоогоор хүүхдүүд бөмбөлөг бэлэглэхээр болжээ.

Тэд "Нэг хог-Нэг шаар" санаачилга гаргаж, аймгийн төв талбайд зориулалтын хогийн савнууд байрлуулж, хогийн саванд хогоо авчирч хийсэн хүүхэд бүрт хогных нь тоогоор бөмбөлөг бэлэглэх аж.
Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн "Сийлэнгоо" групп нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан. Одоогоор 3000 гаруй гишүүнтэй болсон байна.
“Манай групп хэдхэн сарын хугацаанд гишүүнчлэлийн хүрээгээ тэлж, үйл ажиллагаа маань ч идэвхжсэн. Одоогоор бид бүсгүйчүүддээ зориулан гоо сайхан, оёдол, гар урлалын гээд таван удаагийн сургалт, спорт арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна. Хүүхдийн баярын өдрөөр бид гишүүдийнхээ хүүхдүүдийг болон зорилтот өрхийн 20 хүүхдийг хамруулсан “Жаргалтай өдөр” арга хэмжээг хийхээр бэлтгээд байна. Салбар салбарын эмэгтэйчүүд манай арга хэмжээг дэмжиж, нэгдэж байгаад талархалтай байна. Мөн хот тохижилтын үйлчлэгч эгч нарынхаа ажлын ачааллыг хөнгөлөх үүднээс хоггүй баярлах уриалгыг дэвшүүлж, "Нэг хог-Нэг шаар" санаачлагыг гаргаад байгаа юм. Энэ бол бидпний хамтдаа хийж буй хамгийн анхны томоохон арга хэмжээ. Цаашид энэ төрлийн олон ажил, арга хэмжээг бүсгүйчүүдтэйгээ хамтран хийх болно.” гэж "Сийлэнгоо" группыг үүсгэн байгуулагч О.Сугар хэллээ.
Т.Одончимэг

Монгол брэнд