top banner

Ахуйн ослоос үүдэн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол нэмэгджээ


2018-05-31 16:10:56
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хөгжлийн бэрхшээлийн хүүхдийн илрүүлэлтийг 2014 оныхтой харьцуулахад 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хөгжлийн бэрхшээлд хүргэж буй шалтгааныг харахад төрөлхийн 45 хувь, өвчний улмаас 41 хувь, осол гэмтлийн улмаас 14 хувьтай байна. Осол гэмтлийг дотор нь задлахад ахуйн ослоор 56.8 хувь, зам тээврийн ослоор 23.3 хувь, үйлдвэрийн ослоор 2.1 хувь бусад ослоор 3.6 хувьтай байгаа юм. Ахуйн осол нь 2014 оныхоос 1.9 хувиар, төрөлхийн шалтгаант хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 3.4 хувиар нэмэгдсэн байгаа юм.

ЭМГ-аас гаргасан судалгаанд үндэслэн хөгжлийн бэрхшээлд хүргэхээс сэргийлж болох шалтгаан буюу ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, өвчний шалтгаант хөгжлийн бэрхшээлийг урьдчилан сэргийлэх хүрээнд аймгийн эрүүл мэндийн байгууллагууд хүн амд зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэх, зорилтод бүлгүүдийн дунд төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс нь энэ оны хагас жилийн байдлаар 11 удаа хуралдаж, 129 хүүхэд салбар комиссын хурлаар орж, 113 хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлжээ. 16 хүүхэд эдгэрсэн байна.

Салбар комиссын хурлаар тархины саатай 5 хүүхдийг Нэгдсэн эмнэлгийн хөдөлгөөн засалд хамруулж, хүүхдийн хөдөлгөөнд тодохой ахиц засрал гарсан байна. Мөн 6 хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулжээ. Харин 12 хүүхдийг эрүүл мэндийн шалтгааны улмаас сурах болон боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжгүйг тогтоожээ.

Цаашид ХБХ-ийг үе тэнгийнхэн дунд сурч боловсрох боломж нөхцөлийг хангахад төрийн байгууллагууд анхаарах, төрийн болон ТББ-ын уялдаа холбоог сайжруулан нийгмийн халамжийн тусламжийг чанартай хүртээмжэй хүргэх, ХБХ-ийн эцэг эх, асран хамгаалагч нарт сэтгэлзүйн тусламж үйлчилгээ, сургалтыг тогтмол хийх, ХБХ-ийг эрт илрүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах шаардлага байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд