top banner

Улсын хэмжээнд тэргүүлсэн 10 газар, хэлтсийг шагнаж урамшууллаа


2018-05-31 22:04:36
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн, бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлсэн гурван яам, таван аймгийг шалгаруулан шагнасны нэг нь Дархан-Уул аймаг юм. Энэхүү амжилтыг гаргахад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд салбар бүртээ тэргүүлж эхний байруудад шалгарсан нь нөлөөлсөн. Тэр ч утгаараа лхагва гарагт 2017 оны үйл ажиллагаагаараа манлайлан улсад эхний 5 байрт шалгарсан шилдэг 10 газар, хэлтсийг шагнаж урамшууллаа.

2017 оныхоо үйл ажиллагаагаараа улсад тэргүүлсэн Б.Батцэнгэл даргатай Эрүүл мэндийн газрын хамт олон нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд Шилэн эмнэлэг төсөл болон бусад олон үр дүнтэй ажлыг хийж хэрэгжүүлсэн аж.

Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон 18832 өрхийг судалгаанд хамруулж, 152 иргэнийг түр ажлын байраар хангах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хийж гүйцэтгэжээ.
Салбартаа тэргүүн эгнээнд бичигдсэн УЦУОШГ, Татварын хэлтэс, БОАЖГ, Биеийн тамир, спортын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ЭЕШ-ын амжилтаараа улсдаа 3-дугаар байранд эрэмбэлэгдэж, боловсролын чанар үзүүлэлтээрээ сайшаагдсан БСУГ гэсэн нийт 10 агентлаг шагнуулсан юм.

2017 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 18,9 тэрбум төгрөгийн 160 төсөл арга хэмжээг хийж хэрэгжүүлжээ. Дархан хотынхоо хөгжил, дэвшлийн төлөө бүтээн байгуулалтын ажлыг “Төр-олон улсын байгууллага-иргэний нийгмийн” оролцоотой хэрэгжүүлж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлсэн бодит ажлуудыг хамтдаа хийж, бүтээж чадсанд шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат хэлээд тэдэнд талархал илэрхийлж цаашид илүү их амжилт гаргахыг  хүслээ.
 
Л.Отгонбаатар
 


Монгол брэнд