top banner

Хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн бахархал” уриан дор тэмдэглэж байна


2018-06-01 15:34:43
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Орхон аймаг “Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн бахархал” уриан дор тэмдэглэж байна.
Баярын арга хэмжээг нээж, аймгийн Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ, “Төр, захиргааны байгууллагаас хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог хангахын тулд олон талт арга хэмжээ санаачилж, зохион байгуулж, хэрэгжүүлж байна. Үүний нэг нь энэ онд Орхон аймагт “Хүүхэд хамгааллын төв”-ыг улсын төсвийн хөрөнгөөр байгуулахаар төлөвлөж байна. Мөн Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж Хүүхдийн сурах эрхийг хангахын тулд Рашаант, Баябулаг, Булаг, Яргуйт, Цагаанчулуут багт цэцэрлэг, 900 гаруй хүүхдийн багтаамжтай сургуулийн өргөтгөлийг барьж байгуулна. Дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан 30 ортой Хүүхдийн эмнэлгийг тун удахгүй ашиглалтад хүлээж авах гэж  байгаадаа мөн  баяртай байна” гэсэн юм.
Баярын үеэр хүүхэд бүрийн хүслийг бичсэн “Хүслийн 1000 бөмбөлөг” хөөргөлөө. Мөн  Хүүхэд, Залуучуудын театрын уран бүтээлчдийн тоглолт, 1000 хүүхдийн жагсаал, гимнастик, оюуны спорт болон сагсан бөмбөгийн тамирчин хүүхдүүдийн үзүүлэх тоглолт,  робот, авто, усан, нисэх загварын үзүүлбэрүүд боллоо. Баярын үеэр төв замын автомашины хөдөлгөөнийг 08-21 цаг хүртэл хаагаад байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
 



Монгол брэнд