top banner

“Алдарт эх"-ийн одонгоор 85 ээж энгэрээ мялаалаа


2018-06-01 17:37:25
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх, үрсийн баярын өдрийг Өвөрхангайчууд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Аймгийн ИТХ-аас 2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд аймаг, орон нутгаас эх, хүүхдийг баярлуулахад онцгой анхаарч байгаа юм.
Баярын нээлтийг Аюушбаатрын талбайд зохион байгуулж, энэ үеэр эхчүүдэд “Алдарт эхийн одон” гардуулах, манлайлагч хүүхдүүдийг шагнаж урамшуулах үйл ажиллагаа боллоо. Найман ээж “Алдарт эхийн I одон”-оор, 77 ээж “Алдарт эхийн II одон”-оор энгэр мялаалаа. Тэдний дундаас хамгийн ахмад нь 82 настай, хамгийн залуу нь 30 настай ээж
байв. Мөн дөрвөн хүү төрүүлсэн “Дархан бэр” нэг, таван охин төрүүлсэн “Уран бэр” нэг, хоёр ихэр хүүхэдтэй гурван ээж байсан ба үр хүүхдээ эрүүл саруул өсгөж байгаа баяр дээрээ төр засгийн хайр, үнэлэмжийг хүртэж дахин баяр нэмлээ.
Түүнчлэн урлаг, сурлага, спортоор онцгой амжилт гарган үе тэнгийн хүүхдүүдээ хошуучлан манлайлсан 27 хүүхдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнан урамшуулж, Цагаанзалаа зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө.
Энэ өдөр дугуйн болон уран жолоодлого, сагсан бөмбөгийн тэмцээн, “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” тоглолт, “Муур багш” хүүхдийн жүжиг, “Инээмсэглэл -1000” хүүхдийн найрал дууны наадам зэрэг хөтөлбөрийн дагуу хүүхэд, багачууд нэгэн өдрийг баяр баясал дүүрэн өнгөрүүлж байна.
Б.Батчимэг

Монгол брэнд