Аймгийн эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээний нээлтэд 3000 гаруй хүүхэд оролцов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-06-01 19:08:19
Архангай /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн 3000 гаруй хүүхэд оролцсон баярын арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Ш.Энхжаргал, Засаг дарга Ж.Гурвантамир нар оролцлоо. Энэ үеэр “Ирээдүй 1+1” хөтөлбөрийн хүрээнд ХДТ-ын дугуйланд хамрагддаг хүүхдүүд тоглолтоо толилуулсан юм. Мөн Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас хүүхдүүдийн дунд сугалаа тарааж, сугалааны дугаараар хамгийн азтай хүүхдүүдийг шалгаруулжээ. Г.Дэмид жанжны талбай болон төв зам дагуу хүүхдийн оролцоог бий болгосон төрөл бүрийн тоглоом наадгай, монгол наадгай, номын танилцуулга, хүнс, барааны худалдаа үйлчилгээ гарчээ.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр болон аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар эдгээр худалдаа үйлчилгээг сонирхож, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжсэн худалдан авалт хийлээ. Мөн ярианы бэрхшээлтэй иргэний эсгий гар урлалын бүтээгдэхүүн болох хурууны хүүхэлдэй, үсний даруулга зэрэг 100.000 гаруй төгрөгийн худалдан авалт хийж, ойр орчинд явж байсан 60 гаруй хүүхдэд бэлэглэсэн нь хүүхдүүдийн баяр талархлыг хүртсэн юм. 

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл, ФЛОМ ОУБ-тай хамтран "Тэгш оролцоо, тэгш боломж" уриатай "Спорт өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцож үг хэллээ. Спорт өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй гэж ялгалгүй тэгш оролцоог хангах үүднээс хүүхэд, насанд хүрэгчдийн дунд тэмцээн явуулсан байна. Хүүхдүүдийн дунд АХА, шатар, даам, буухиа, дартс тэмцээн явуулсан бол насанд хүрэгчдийн дунд гар барилдаан, ширээний теннис, буухиа тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Эдгээр тэмцээнүүдэд оролцогчид их байсныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн тэргүүн П.Ганчимэг хэлж байв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ