6,6 га газарт амралт зугаалгын бүс байгуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2018-06-02 21:15:59
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Зуунмод гол дагуу 238 сая төгрөгөөр 6,6 га газрыг хамруулсан “Амралт зугаалгын бүс”-ийг “Ар булаг” ХХК байгуулж, өнгөрсөн баасан гарагт албан ёсоор нээлтээ хийв.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал нар болон тохижилтын ажлыг гүйцэтгэсэн “Ар булаг” ХХК-нийн удирдлагууд оролцов.

Зуунмод сумын дундуур урсдаг жижиг голын ундарга сүүлийн жилүүдэд багасч зарим үед урсахгүй болсон. Усны ундаргыг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж Зуунмод сумын амралт чөлөөт цагийн эхний бүсийг байгуулав. Энэ хүрээнд усны ундаргыг нэмэгдүүлэх зорилгоор 6,6 га газар 8400 ширхэг мод тарихаас гадна хоёр га газар зүлэгжүүлэлтийн ажил хийнэ. Уг ойжуулах ажлыг иргэдийн  оролцоотой, “Иргэн бүр нэг мод” хөдөлгөөн өрнүүлж Богд хан уулын өвөр Манзушир хийдийн ам хүртэл ойн төгөл байгуулна гэж аймгийн ХОХБТ-ийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ хэллээ.

Аймаг, орон нутгийн төсвөөс 238 сая төгрөг тусгаж, энэ онд эхний ээлжийн ажлын гүйцэтгэлээр 6,6 га газрын хамарсан 1193 метр төмөр торон хашаа, урагшаа хойшоо гарах хоёр том хаалга, 10 жижиг хаалга усан толь усан оргилуур хоёр сүүдрэвч, 10 сандал, 10 хогийн сав, явган замыг “Ар булаг” ХХК гүйцэтгэжээ.

Цаашид усан толь, гүний худаг, долоон өнгөөр гэрэлтдэг усан оргилуур, мөөгөн хэлбэр бүхий цацардаг хөв цөөрөм, элсэн шарлагын талбай, сүүдрэвч, сандал зэрэг бүтээн байгуулалтыг энэ онд үргэлжлүүлэн хийхэд орон нутгийн төсвөөс 250.0 сая төгрөг шаардагдах юм. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ