Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаанд найман сая төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2018-06-03 00:08:26
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга Ц.Тогоочтой цаг үе, зуншлагын талаар ярилцлаа.

-Зуншлагын байдал аймгийн хэмжээнд ямар байна ?
-Энэ зуны хувьд олон жилийн дунджаас илүү халалт ихтэй байна. Орж ирж байгаа цаг агаарын процесс өнгөрсөн жилийнхтэй ижил, хуурай салхи ихтэй, халуун учраас орж ирсэн үүл хур тунадас өгч чадахгүй байна. Манайд ихэвчлэн хятадын баруун өмнөд хэсгээс дунд болон дээд мандлын хур тунадас өгдөггүй үүлний процесс орж ирж байна. Хоёр хөрш цаг агаарт өөрсдийн аргаар тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Тэндээс идэвхжсэн хур тунадас орж ирэх ёстой ч, тэндээ хуурай байгаа учраас манайд өндрийн тунадас өгдөггүй үүл орж ирж байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар баруун хойд, хойд талын нутгаар өнгөрсөн жилийн намар орсон хур тунадасны чийг хөрсөнд байгаа учраас зуншлага хэвийн байна. Дөрвөн сарын дундуур зүүн, зүүн урд талын нутгаар хоёр удаагийн хур тунадас орсон. Үүнээс хойш таван сард нэмж бороо хур ороогүйгээс зуншлагын байдал тааруу байна.
 
-Энэ сард орох хур тунадасны хэмжээ ямар байна?
-Энэ сарын хувьд 7-8 удаагийн хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлчээр, хоёрдугаар 10 хоногийн эхний хагаст хур тунадас орох бол гуравдугаар 10 хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орохоор байна.

-Агаарын температурын хувьд ямар байх вэ?
-Агаарын температур 30-аас дээш халалттай, цаашид халалт давамгайлах төлөвтэй байна. Энэ сарын дундуур болон сүүлийн хагаст халалт үргэлжилнэ.

-Хэдэн удаа цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил хийгээд байна?
-Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12 эхэлж зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 7-8 удаагийн цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилд гарсан. Үүнээс гурван удаагийн үйл ажиллагаа амжилттай болсон. Цаашид үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна. Энэ сарын нэгнээс хоёрны өдөр чийглэг агаарын процесс орж ирнэ. Үүнийг тосож зориудаар нөлөөлөх арга хэмжээ авахаар хоёр экспедиц гарч ажиллаж байна.
Өнгөрсөн жил хоёр экспедиц гарсан бол энэ жил гурван экспедиц гарч байна. Улаанбаатарын нэг экспедиц Жаргалант хавьцаа, аймгийнх Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант чиглэлд гарч ажиллана. Хоёрдугаар 10 хоногийн эхний хагаст боломжийн хур тунадас орох төлөвтэй байна. Энэ байдлыг ашиглаж, цаг алдалгүй процесс болгон дээр гарч ажиллахаар бэлтгэж байна.

-Өнгөрсөн жилийн тухайд? 
-Бид өнгөрсөн жил нийт 17 удаагийн гаралтаар 74 удаагийн үүлэнд зориудаар нөлөөлж, 40 гаруй сая төгрөгийн 109 ширхэг пуужинг зарцуулсан. Хоёр газрын генератор ажиллуулж, 10 орчим сая төгрөгийн 36 ширхэг түлш зарцуулсан. Үйл ажиллагааны зардалд 16 орчим сая, нийт 70-аад сая төгрөгийг зарцуулсан. Энэ жил цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилд зориулж аймгаас 15 сая төгрөгийн  хөрөнгө шийдсэн. Өнөөдрийн байдлаар дөрөв болон тавдугаар сард үүлэнд зориудаар нөлөөлөх  төлөвлөгөөт ажиллагаанд найман сая төгрөг зарцуулаад байна.

-Өнгөрсөн жил газрын генератор ашиглаж байсан, энэ жилийн тухайд?
-Манай аймаг Хэнтийн нурууны түймрийн эрсдэлийг бууруулах зорилготой Батсүмбэрийн газрын генератор, нөгөө нь газар тариалангийн нутагт ашиглах зөөрийн генератор генератортай. Өнгөрсөн жил хоёр газрын генераторыг бүрэн ашигласан. Энэ жил газрын генераторын түлш дуусчихсан, түлш нэмж орж ирээгүй, улсын хэмжээнд газрын генераторын түлш дуусчихсан. БНХАУ манайд улсад зориулж газрын генераторын түлш үйлдвэрлэдэг ч энэ жил хэзээ түлш авах нь тодорхойгүй байна. Учир нь "уул уурхайн компаниуд нь зөвшөөрөл олгохгүй" байна гэдгээс шалтгаалж газрын генераторын түлш оруулж ирэхгүй байна. Пуужингийн хувьд хангалтай, улсын хэмжээнд 1000 ширхэг пуужин орж ирнэ. Энэ жил нийт 40 ширхэг пуужин авсан. Өнөөдрийн байдлаар 12 пуужинг зарцуулчихсан байна.

-Ирэх 7,8 дугаар сард цаг агаар ямар байх төлөвтэй байгаа бол?
-Жилийн хамгийн их халдаг сар долоон сар байдаг. Долоон сарын хувьд нийт нутгаар олон жилийн дундаас 1-2 хэмээр дулаан байна. Халалт ирэх сард үргэлжлэх төлөвтэй байгаа. Хур тунадас хэмжээ энэ сартай төстэй байна. Заамар, Цээлийн нутгаар 110 мм хүртэл хур тунадас орох бол бусад нутгаар 40-50 мм орчим хур тунадас орно. Найман сар олон жилийн дунджийн орчим, халалт багасна. Хур тунадас газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджийн хэмжээнд байх бол зүүн урд тал, төв хэсгээр бага байхаар урьдчилсан прогнозтой байна. Есөн сарын тухайд агаарын дундаж температур, хур тунадас аль аль олон жилийн дунджийн хэмжээнд байхаар ерөнхий төлөвтэй байна. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ