top banner

Гэмт хэргийн улмаас 124 шахам сая төгрөгийн хохирол учирчээ


2018-06-04 13:14:15
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргүүдэд гэмт хэргийн улмаас 6 хүний амь нас хохирч, 84 хүнд хохирол учирч, 7 хүн хүнд гэмтсэн байна. Гэмт хэргийн улмаас 123.745.000 төгрөгийн хохирол учирчээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ оны эхний улирлын байдлаар 311 нэхэмжлэл хүлээн авснаас 281 хэргийг хянан шийдвэрлэж, 26 нэхэмжлэлийг буцаажээ. Хянан шийдвэрлэсэн хэргүүд өнгөрсөн оныхоос 52.7 хувиар өсчээ. Шийдвэрлэсэн нийт хэргийн 45-ыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 236-г нь шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс иргэний хуулиар 41, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 174, гэр бүлийн тухай хуулиар 8, хөдөлмөрийн тухай хуулиар 4, бусад хуулиар 54 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Тус шүүхээс улсын тэмдэгтийн хураамжид 1019567 төгрөгийн хураамж оруулжээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 19 нэхэмжлэл хүлээн авснаас 4 нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан байна. Харин долоон хэргийг хянан шийдвэрлэжээ. Тус шүүхийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 175500 төгрөгийн хураамж оруулсан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 88 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 10 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 89 хүнд холбогдох 74 хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оныхоос 41 хэргээр өссөн үзүүлэлттэй байна. Нийт 74 хэргээс 26 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хоёр хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 63 хүнд ял шийтгэл оногдуулсан бөгөөд үүнээс 34 хүнийг 16.700.000 төгрөгөөр торгох ялаар, 5 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 24 хүнийг хорих ялаар тус тус шийтгэжээ.  
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд