top banner

Сэлэнгэ мөрний Далха бурханы тохойд шагайн тойром зохион байгууллаа


2018-06-04 13:27:51
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд зохион байгуулж эхэлсэн эвент арга хэмжээ болох “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг Сэлэнгэ мөрний Гуртын гүүрний орчим Далха бурханы тохойд зохион байгууллаа.
“Хангинахын шугуйн шагайн тойром”-ын ерөнхий шүүгч, аймгийн шагайн холбооны тэргүүн Б.Батцогоо:
-Халхын шагайн харвааны гурван том тойрмын нэг гэж үздэг “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг уламжлал болгон 5 дахь жилдээ зохиолоо. Энэ жил Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 27 багийн 245 тамирчин оролцож, цэц мэргээ сорьж байна. Монгол Улсын үлэмж дархан мэргэн 3, гарамгай мэргэн, улсын мэргэн 15, аймгийн гоц мэргэн, мэргэн 53 харваач оролцож тэмцээний өрсөлдөөнийг нэмж, өмнөх жилүүдийнхээс олон баг тамирчид оролцсноороо онцлог боллоо. Шинэ залуу харваачид одтой сайн харваж байна гэж ярилаа.
Шагайн цуваа харвааны төрөлд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Түмэн түрүү” багийн харваач Ж.Мөнхбаяр түрүүлж, Булган сумын “Дайчин вангийнхан” багийн харваач Д.Мөнхбаяр, Сэлэнгэ сумын “Ингэт” багийн харваач Г.Амар нар удаах байрыг эзэллээ.
Багийн харваанд Б.Батцогоо ахлагчтай Булган аймгийн “Ханжаргалант” баг түрүүлж, Эрдэнэ-Отгон ахлагчтай Сэлэнгэ сумын “Итгэт” баг, С.Ямааранз ахлагчтай Архангай аймгийн баг удаах байр эзэллээ.
Чавхны харвааны төрөлд цуваа харваанд С.Буянтогтох, Ч.Лхагва, Б.Хишигбат, багийн харваанд С.Шийрэвдорж ахлагчтай Дархан-Уул, С.Нямдорж ахлагчтай Орхон, Ч.Лхагва ахлагчтай Булган аймгийн баг эхний байрт шалгарлаа.
М.Батжаргал


Монгол брэнд