Төв Азийн хамгийн том "Буган" хөшөөдтэй тахилгын газар Архангайд бий

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-06-04 15:52:44
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Жаргалантын аманд орших Төв Азийн хамгийн том "Буган" хөшөөд бүхий тахилгын газар нь Улаанбаатараас 600 гаруй км-ийн зайд оршдог. Энд нийт 27 буган хөшөө, түүнийг тойрсон хоёр төрлийн 1400 орчим тахилгын байгууламж, хиргисүүр зэрэг дурсгалууд бий. Буган хөшөөдийн хажуугаар тойрон байрлах дугуй чулуун овоолго байгууламжаас ихэнх тохиолдолд адууны толгой, хүзүү, дөрвөн туурай гардаг байна.

Уг дурсгалын эргэн тойронд ийм байгууламж 700 орчим бий. Харин дурсгалт газрын гадна талаар хүрээлэн байрлах цагираг хэлбэртэй чулуун байгууламжаас адууны шатсан яс болон нүүрсний жижиг хэсгүүд олддог аж.



Уг дурсгалт газарт Монгол-Зөвлөлтийн түүх-соёлын хамтарсан хээрийн судалгааны анги 1989-1991 онд малтлага судалгаа хийж байжээ. 2009 онд Монгол Амеркийн хамтарсан судалгааны анги, ШУА-ын тухайн үеийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор профессор Ц.Төрбатаар ахлуулсан баг хамт олон судалгаа хийж, унасан булагдсан байсан хөшөөнүүдийг сэргээн босгож одоогийн энэ төрхийг бий болгожээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ