top banner

Орхон аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо


2018-06-04 17:33:46
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгөөр барьсан “Хүүхдийн эмнэлэг” өнөөдөр ашиглалтад орлоо. Уг эмнэлэг зоорийн давхартайгаа нийлээд таван давхар бөгөөд нийт 50 ортой юм. Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Цомбон тоосго” ХХК гүйцэтгэлээ.
“Хүүхдийн эмнэлэг”-ийн өрөө тус бүр нь хүүхэд болон сахиурт зориулсан ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зарим өрөө нь хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон ажээ. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхартаа техникийн хэсэг, хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй бөгөөд давхар бүртээ сувилагчийн хяналтын хэсэг ажиллана.

БОЭТ-ийн Хүүхдийн тасаг, уг эмнэлэг нийлээд 70-80 хүүхдийг нэг дор хэвтүүлэн эмчлэх боломж бүрдэж байгаа нь Орхон аймаг шиг хүн ам нэмэгдэж буй хот, суурин газарт нэн шаардлагатай байсан юм. Тус эмнэлэгт ажиллах боловсон хүчин хангалттай бэлтгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн салбарынхан онцолж байлаа.
Эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Б.Оюун-Эрдэнэ
 


Монгол брэнд