top banner

Мастер төлөвлөгөөний эхний шатанд агаарын бохирдол 30-35 хувиар буурна


2018-06-05 16:34:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн “Хангарди” ордонд өнөөдөр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний төсөл”-ийн зөвлөлдөх уулзалт болов.
Энд оролцож буй Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” зэрэг иргэний байгууллагын төлөөллүүдийн зүгээс тавьсан ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай байна гэсэн санал хүсэлтийн дагуу энэ удаагийн уулзалтаар түрээсийн орон сууцны хангамж, хүрэлцээ хэр байгаа, нийтийн тээврийн автобусанд утаа шүүгч шүүлтүүр тавих зэрэг асуудлыг хэлэлцэв.
“Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний төсөл”-ийг Монол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НИТХ-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10/14 тогтоолтой уялдуулан боловсруулж гаргасан юм.
2017-2019, 2020-2025 гэсэн хоёр шаттай Мастер төлөвлөгөө бүрэн хэрэгжсэнээр нийслэл хотын агаарын бохирдол 2018-2020 онд 30-35, 2025 онд 70-75 хувиар буурах боломжтой. Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол агаар, орчны бохирдол 2020 он гэхэд 17, 2025 онд 35 хувиар нэмэгдэх тооцоо гарсан юм. Мастер төлөвлөгөөний хүрээнд хот төлөвлөлт, зохион байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдлын хэмжээг бууруулах зэрэг 5 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж энэ дагуу орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхийг бэхжүүлэх юм. Энд нийт 9.2 их наяд төгрөг шаардлагатай байгаа аж.
Өнөөдрийн уулзалтад НИТХ-ын төлөөлөгчид, Японы Олон улсын Жайка" байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.
Б.Болд

Монгол брэнд