Х.Жахсылых: Монголд нүүж орж ирж буй үүл нимгэн, ус багатай, чийгшилгүй байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-06-05 17:05:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зуны улирал эхэлсэн ч Баян-Өлгий аймгийн нийт нутгаар салхитай, хуурайшилт ихтэй байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн синоптик инженер К.Жагсылыхаас цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын явц, зуншлагын талаар зарим зүйлийг тодрууллаа.   

- Зуны улирал эхэлсэн ч хур бороо бага, нийт нутгаар гандуу байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил хэр явагдаж байгаа вэ?

- Өнгөрсөн жилд улсын хэмжээнд 600 удаа, манай аймгийн хувьд 11 удаа үүлэнд зориудаар нөлөөлж тунадасны хэмжээг нэмэгдүүлсэн. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А\44 дүгээр тушаалын дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс “Өлгий-Бороо” экспедиц болон ноцоох зуухнууд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Дөрөвдүгээр сард хоёр удаа, тавдугаар сард зургаан удаа цаг агаарт зориудаар нөлөөлөх  үйл ажиллагааг явуулж орох тунадасны хэмжээг  бага ч гэсэн нэмэгдүүллээ.

- Зарим иргэд үүл буудсанаас болж ган боллоо, салхины үүл буудлаа гэж шүүмжилж байдаг. Энэ хэр зэрэг үндэслэлтэй вэ?

- Энэ шүүмжлэлийг цаг уурын инженерийн хувьд би хүлээн зөвшөөрөхгүй. Үүл усархаг биш, чийглэг биш байгаа учраас үүлэнд нөлөөлж бороо оруулсан ч газарт чийг өгөхгүй байна. Монгол орныг дайран өнгөрч буй үүлний ихэнх нь урд хөршөөс орж ирдэг. Ялангуяа, Хятадын Шинжаань-Уйгарын газар тариалангийн бүс нутгуудад зориудаар цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагааг маш эрчимтэй явуулдаг. Тухайн нутгуудад цаг агаарт зориудаар нөлөөлдөг маш олон экспедиц байдаг бөгөөд өөрийн нутаг дээгүүрх үүлийг зүгээр өнгөрүүлдэггүй. Тэндээс нүүж Монголд орж ирж буй үүлнүүд нимгэн, ус багатай, чийгшилгүй, шилжих хурд ихтэй байдаг учир тохироо нь бүрдсэн үед л үүлэнд зориудаар нөлөөлөхөөс өөр аргагүй болдог. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 600 удаа үүлэнд нөлөөлсөн ч нутгийн дийлэнх хэсэгт ган болсон нь үүл нимгэн, чийгшилгүй байсантай холбоотой юм. Харин үүлэнд нөлөөлж бороо оруулах хүртэл хэт дулаарч байгаа нь бас учиртай. Монгол орны цаг агаарын нөхцөлд шууд болон дам байдлаар нөлөөлдөг гадаад хүчин зүйлүүдийн нэг болох Эль-Нино урьд өмнө байгаагүй хэмжээнд нэн хүчтэй илэрч байгаатай холбоотой юм. Энэ үзэгдэл манайд 2016 оноос илэрч эхэлсэн.

- Эль-Нино гэдэг нь ямар үзэгдэл вэ?

- Номхон далайн экваторын бүсэд үүсдэг далайн гадаргуугийн усны температур хэлбэлзэх цаг уурын үзэгдэл юм. Тус үзэгдлийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй 10-аад улсын дотор Монгол Улсын нэр заагдаж ган гачиг болох магадлалтай хэмээн дурдагдсан. Энэхүү Эль-Нино үзэгдэл ажиглагдсан үед хэт халж, хэт хуурайшдаг, эсвэл хэт усархаг бороо орж, үер болдог. Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч өмнө нь болсон түүхээс харахад Эль-Нино үзэгдлээс болж тухайн жилдээ биш олон жил дараалан ган гачиг, хуурайшилт болох магадлалтай гэж таамаглан үздэг байна.

- Тус аймгийн нийт нутгийн хэдэн хувь нь хуурайшилттай байгаа вэ?

-Монгол орны нийт нутгийн 77.8 хувь, манай аймгийн Алтай, Булган, Сагсай сумын Даян багаас бусад нийт нутгаар, бараг 75 хувь нь хуурайшилттай байгаа. Гандах, бэлчээрийн ургамал хомсдох нөхцөл байдал бүрдээд байна. Хуурайшилтаас шороо босох, салхи шуурах нөхцөл бүрддэг ба үүнээс болж салхины давтамж, гамшигт үзэгдэл эрс нэмэгдсэн. Хэт халалтаас үүдэн зуны хур тунадасны хэмжээ мөн буурч байна.

- Энэ зун Баян-Өлгий аймагт зуншлага ямар байх төлөвтэй байна?

- 2018 оны зургаагаас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр хур тунадас багатай, мөн  ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Ерөнхийдөө энэ зуны тухайд зуншлага сайнгүй болж магадгүй байдал ажиглагдаж байгаа.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ