top banner

Д.Цогтбаатар сайд Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж байна


2018-06-06 08:19:25
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.В.Макей урилгаар 2018 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна.
 
Сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотын Ялалтын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв.
 
Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжин өндөр, дээд хэмжээний улс төрийн яриа хэлэлцээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахын тулд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, зам тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.
 
Түүнчлэн НҮБ, ЕАБХАБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Евразийн эдийн засгийн холбоо, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хамтран ажиллах бололцоог бүрэн ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлцгээв.
 
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн сайд О.Л.Слижевский нар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээнүүдэд гарын үсэг зурав.

Монгол брэнд