top banner

Газрын тосны салбарын удирдлагад өөрийн хүмүүсийг шургуулахыг оролдож байсан хэмээн буруутгав


2018-06-06 14:37:23
Зураг
КАРАКАС. /ТАСС/. 2017 онд Венесуэлийн газрын тосны салбарт өрнөсөн авлигын дуулиант асуудал нь салбарын удирдлагад өөрийн хүмүүсийг шургуулах гэсэн АНУ-ын оролдлоготой холбоотой юм гэж Өмнөд Америкийн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мягмар гарагт мэдэгдсэн тухай телевизийн Telesur сувгийн цахим хуудаст мэдээлжээ.
 
“Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэлийн стратегийн мэдээллийг хянах, салбарын гол гол үйл явцад нөлөөлөхийн тулд АНУ-ын Элчин сайдын яамны авлигаар салбарын гол гол албан тушаалд хүмүүсийг шургуулсан болохыг нотлох хөдөлшгүй баримтууд надад байгаа. Үүний нотолгоог мөн АНУ-ын Төрийн департамент болон Тагнуулын төв газрын нууцын зэрэглэлээс гаргасан баримт бичгүүдээс олж авч болох юм” гэж Венесуэлийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
 
Венесуэлийн газрын тосны төрийн өмчит PDVSA компанид гарсан авлигын хэргүүдийг мөрдөн шалгах явцад эрх баригчид тус компанид удирдах албан тушаал хашиж байсан хэдэн арван хүнийг баривчлан саатуулсан аж.
 
Газрын тосны салбар нь Өмнөд Америкийн тус улсын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой салбар юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээ баримтаас үзвэл, Венесуэльд энэ оны дөрөвдүгээр сард газрын тосны олборлолт хоногт 1,42 сая торх хүртэл буюу 1950-иад оны эхэн үеэс хойшхи хамгийн бага хэмжээнд хүртэл буурсан байна.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд