top banner

Сар бүрийн 25-ныг “Оранж өдөр” болголоо


2018-06-06 22:46:25
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас санаачлан бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хүчирхийллийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, энэ талаар иргэд, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зорилгоор “Оранж өдөр” нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Олон улсын худалдааны төвтэй хамтран зохион явуулсан энэхүү арга хэмжээний үеэр Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Энхтулгаар ахлуулсан алба хаагчид тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд болон түрээслэгч нарт “Гэр бүлийн хүчирхийллийн хор, уршиг” сэдвээр мэдээлэл өглөө. Мөн бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хүчирхийллийг үл тэвчих хандлагыг олон нийтэд суулгах зорилгоор иргэдэд 1500 ширхэг “Оранж өдөр” санамж, сэрэмжлүүлэг, 200 ширхэг оранж бөмбөлгийг хүүхдүүдэд тарааж, 350 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгчээ.
Уг ажлын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг “Оранж өдөр” болгохоор зарлаж, улбар шар өнгөөр охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, гэгээлэг ирээдүйг билэгдсэн байна.
Дэлхийн өнцөг булан бүрт охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд энэ талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготойгоор 2008 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун "UNiTE" компанит ажлыг санаачилж байжээ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд