Цаг үеийн нөхцөл байдлын мэдээллээр шуурхай хангах үүрэг чиглэл өглөө

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-06-06 22:56:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн 17 сумын 10 гаруй нь хуурайшилтын зэрэглэл нэн аюултай түвшинд байгаа аж.
Энэхүү хуурайшилтын улмаас тус аймгийн Ерөө суманд өнгөрсөн сарын 17-ны өдөр гарсан ойн түймрийн голомт одоо хэр ассаар байгаа бөгөөд тэнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 250 гаруй хүн бүрэн унтраахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдааныг өчигдөр зохион байгууллаа.

Хуралдаанд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нар, Онцгой комиссын гишүүд, сумдын Засаг дарга нар оролцсон юм. Энэ үеэр цаг агаарын төлөв байдал, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, УЦУОША-ны дарга М.Рэгзэдмаа нар танилцуулсан. Энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил Онцгой комиссын гишүүд болон бүх сумдын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал түймрийн эрсдэл, хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул төв орон нутгаас томилогдон ирж ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын 10 хоногийн хоол хүнс, шатах тослох материал, багаж хэрэгслийн нөхөн хангалтад дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас яаралтай шийдвэрлэж шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Мөн түймэр унтраах ажилд сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, сайн дурынхан, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, мөн ойн санг гэрээгээр эзэмшигч, нөхөрлөлүүдийг татан оролцуулах, тэдгээрийн багаж техник хэрэгслийг дайчлан, бэлэн байдлыг хангуулж түймэр унтраах арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулж, аймгийн Онцгой байдлын газартай харилцан ажиллагаатай хамтарч ажиллахыг бүх сумдын дарга нар онцгой анхаарахыг санууллаа. Түүнчлэн ойн сан ялангуяа усны эх булаг бүхий сумдын удирдлагууд хууль бусаар алт олборлож голын эх булаг, байгаль орчин сүйтгэж, ой, хээрийн түймэр тавьж буй иргэн аж ахуй нэгжүүдийг аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газартай хамтран  үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ зохион байгуулах, сумдын Засаг дарга нар ой, хээрийн түймэр, усны ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулахыг тус тус үүрэг болгон өглөө. Мөн түймэр гарах эрсдэл өндөртэй сумдад ажиллаж байгаа хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад дэмжлэг үзүүлж ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулж байнгын хяналт тавьж ажиллах, Цаг уур орчны шинжилгээний алба, холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран ой, хээрийн түймрийн талаарх мэдээллийг Сансрын хиймэл дагуулаас шуурхай авч дүн шинжилгээ хийж аймгийн Онцгой байдлын газар, сумдын удирдлагад цаг тухайд нь мэдээлж харилцан ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.
Түүнчлэн түймэр гарсан болон гарах эрсдэл ихтэй, хуурайшилтын “аюултай”, “нэн аюултай” зэрэгт хүрсэн газар нутгуудад Ус, цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг эрчимжүүлэх, цаг агаарын төлөв байдал, урьдчилан сэргийлэх мэдээ, түймрийн нөхцөл байдал болон усны ослын талаарх мэдээ мэдээллээр аймгийн Онцгой комисс, холбогдох албан тушаалтнуудыг шуурхай хангах зэрэг олон чухал үүрэг чиглэлүүдийг өглөө.
Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ